🔴ЧУУЛГАН: Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац болгох хуулийг хэлэлцэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

06 05сар 2024
Улс төр 584

🔴ЧУУЛГАН: Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац болгох хуулийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: 

"Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац болсноор бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Мөнгөн хуримтлал нэмэгдэж, төлбөрийн чадвар дээшилнэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн авлага, өглөг 200 орчим тэрбум төгрөгт эргэлдэж байна. Корпорац болсноор энэ байдал өөрчлөгдөнө.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Засгийн газрын тусгай сан буюу Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноороо яг юу өөрчлөгдөх вэ? Энэ мэдээллээс харвал 72 хүн уг санд ажиллаж байгаа. 43 хүнийг цомхотгох замаар тусгай сангийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн байна. Ажилгүй хүний тоогоо нэмэх гээд байна. Өөрийн үүсгэсэн хөрөнгө гэж энэ санд байдаг уу? 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор төрөөс санхүүжсэн үрэлгэн байдлыг өөрчилнө. 2015 онд буудай сан байдлаар анх байгуулагдаж, Тариалан эрхлэлтийг дэмжих болон Мал хамгаалах сангуудыг нэгтгэсэн. Сангийн үйл ажиллагаанд жилийн турш хяналт шалгалт хийдэг. Жилдээ Үндэсний аудитын газраас хоёр удаа санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит орж байсан. Мөн Эрүүгийн цагдаа болон Авлигатай тэмцэх сангаас ч шалгалт хийж, байнгын хяналттай явж ирсэн. Сүүлд хоёр яамны хамтарсан шалгалт орсон. Уг шалгалтын дүгнэлт нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх шаардлагатай гэж гарсан. Санд өртэй компаниуд, иргэдийг Монголбанкны мэдээллийн санд тусгаж, зээлийн хар дэвтэрт оруулсан. Ингэснээр өр барагдуулж эхэлсэн. Мөн энэ долоо хоногоос өртэй аж ахуй нэгжүүдийг шилэн болгож, зарлалаа. 2023 оныг газар тариалангийн сэргэлтийн жил гэж зарласан. Хүнсний хангамж, аюулгүй байдлын 36-р тогтоол батлагдсан. Хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр 1.7 тэрбум төгрөгийг 4 жилийн хугацаанд зарцуулна. Энэ жил хөдөө аж ахуйн чиглэлийн компаниудад 135 тэрбум төгрөгийн зээлийн үнийн зөрүүг олгоно. Мөн зээл олгохоор арилжааны 10 банктай, Монголбанктай гэрээ байгуулсан. Хөдөө аж ахуйг сэргээх цогц бодлого энэ оноос эхэллээ гэж ойлгож болно. Өрийг барагдуулахын тулд корпораци болгохоор шийдэж байна гэлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх