СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-24

🔴LIVE: Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сум хотын статустай болно

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан болон Хотын дарга Х.Нямбаатар нар мэдээлэл өгөв.

Шадар сайд С.Амарсайхан:

-Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт болсон дэлбэрэлтийн талаарх дүгнэлтийг дөрвөн яамны хамтарсан ажлын хэсэг гаргаж УОК сонсож, зарим шийдвэрийг гаргасан.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, галд өртсөн 207 дугаар байрыг ашиглах боломжгүй дүгнэлт гарсан тул буулгаж, шинээр барих эсвэл газрыг чөлөөлөх, аюулгүй болгох, оршин суугчдын орон сууцны асуудал зэргийг нийслэлийн удирдлагуудын мэдэлд шилжүүллээ.

Нэгдүгээрт нийслэлийн нутаг дэвсгэр дээр үүссэн асуудал, дахин төлөвлөлтийн барилгыг барихад аймаг, нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын шийдвэрээр хэрэгжүүлэх хуультай.

Зарим алба хаагч, иргэдийн эрүүл мэндэд шаардлагатай хөрөнгийг олгох асуудлыг мөн нийслэлд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн бөгөөд орон сууцыг шинэчлэх, засварлах, бусад хохирлыг барагдуулахад зарцуулах юм.

Эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх асуудал хамгийн чухал байгаа. Эрсдэлийг бууруулахын тулд даатгалын тогтолцоонд шилжүүлэх хуулийн төслийг боловсруулсан, УИХ-аар хэлэлцүүлнэ. Ингэснээр хэн ч хохирохгүй үлдэнэ. Амь нас, эд хөрөнгөө даатгуулаагүй бол даатгалын компани барагдуулахгүй. Төр хохирлыг барагдуулах гэхээр хуулийн зохицуулалт байхгүй.

Түүнчлэн онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин механизмыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгагдаж, шийдвэрлэгдэж байна. Тус байгууллагын мэргэжилтэн, боловсон хүчнийг сургахад чиглэсэн ажлуудыг идэвхжүүлэхээр боллоо.

Онцгой байдлын байгууллагын салбарын эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж, бүлгүүдийн зарим орон тоо, төсвийг батлах үүргийг Сангийн сайдад өгсөн.

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, гал сөнөөгчид, аврагчдын аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэгсэл зэрэгт 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногт эдгээрийн нийлүүлэлт хийгдэж эхэлнэ. Гамшиг, ослын үед иргэдэд зарлан мэдээлэх системийг шинээр хийх 30 сая ам.долларын төслийг эхлүүлэх санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-аар удахгүй батална.

Гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог сайжруулах үндэсний төв штабыг энэ жил байгуулж байна. 

Хотын дарга Х.Нямбаатар:

-Өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, Хөгжлийн яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас хамтарсан Ажлын хэсэг гаргаж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж, хэлэлцлээ.

УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн хот тосгоны эрхзүйн байдлын тухай, түүний эрхийг шилжүүлэх хууль зүйн үндэслэлийг 57 дугаар зүйлийн 1.2-т заасан байдаг.

Энэ хүрээнд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэр, түүний удирдлагын нэгжийг шилжүүлэх асуудлыг хуульчиллаа. Ингэснээр улсын зэрэглэлтэй дөрвөн хот, 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот гэж нэрлэхээр болсон юм. Мөн өмнө нь хот гэж нэрлэж байсан хүн ам төвлөрсөн Эрдэнэт, Дарханыг орон нутгийн хот гэж нэрлэхээр боллоо. Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэх юм.

Зарим төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс тосгон байгуулахаар болсон. Тухайлбал Гашуунсухайт, Шивээхүрэн гэх мэт боомтод төвлөрсөн, хүн ам ихтэй газруудыг тосгон гэж үзэх боллоо. Ингэснээр төрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн хот, тосгонд эдийн засгийн эргэлтийг сайжруулах гол зорилготой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.