Дорноговь аймагт онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл хийлээ. Тэрээр шүүх гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулсан тохиолдолд хохирогчид сэтгэл санааны хохирлыг Засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулж өгөх нь шаардлагатай байна гэв.
Өмгөөлөгч Л.Баттогтох:
-Шүүхээр гэм буруу нь тогтоогдож бүх насаар нь хорих ял авсан ялтны хохирогчийн эрхзүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна. Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэрэгт Дорноговь аймгийн анхан шатны эрүүгийн хэргийн шүүхээс шүүгдэгч Г.Гантулгад хэд хэдэн зүйл ангиар бүх насаар нь тусгаарлан хорих шийдвэрийг гаргасан. Тус шийдвэр дээр нэмж оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг энэ тогтоолоор гаргахдаа гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх Засгийн газрын тусгай сангийн тухай хууль 2020 оноос үйлчилж байгаа. Тусгай сангаас оршуулгын мөнгийг гаргасан бол сэтгэл санааны хохирлыг тус сангаас гаргах боломжгүй болчихоод байна.
Учир нь сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээдээс гаргана гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд төлөх ямар ч боломж байхгүй. Энэ нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон иргэний хуульд заасан сэтгэл санааны хохирол гэдгийг суулгаж өгөх хэрэгтэй байна. Засгийн газрын тусгай сангийн 10.3 гэдэг заалтад оршуулга, эмчилгээний зардал, хөдөлмөр алдалтын цалин орлогыг нөхөн олгох гэдэг гурван л заалт байгаа. Үүн дээр нэмээд шүүх гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ялаар шийтгэх ял оногдуулсан тохиолдолд хохирогчид сэтгэл санааны хохирлыг энэ хуулиар зохицуулж өгөх нь шаардлагатай байна. Энэ хуульдаа өөрчлөлт оруулаад өгөөч ээ гэж байгаа юм.
Дорноговь аймгийн 13 настай талийгаач охины хувьд сэтгэл санааны хохирлыг төлүүлэхээр болсон. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлнэ гэсэн заалт бий. Үүн дээр насжилтын асуудлыг давхар тооцсон. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймагт дундаж насжилт 72 бөгөөд энэ хугацааны мөнгийг давхар тооцуулсан буюу 182 сая гаруй төгрөгийг сэтгэл санааны хохиролд ялтан Г.Гантулгаас гаргуулах шийдвэр гарсан. Гэсэн ч бүх насаараа тусгаарлан хоригдож байгаа этгээд тус мөнгийг яаж хохирогчийн ар гэрийнхэнд өгөх вэ? Иймд л Засгийн газрын тус сангийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа юм.
Засгийн газрын тусгай сан нь 21 аймаг, есөн дүүргээс гарч байгаа торгуулийн бүх шийтгэлүүдээс бүрддэг. Энэ сангийн 60 хувийг бүрдүүлдэг. Энэ санд асар их хуримтлал үүссэн байгаа. Манай улсад бүх насаар ял эдэлж байгаа цөөн хүн байдаг. Нийтдээ хорь хүрэхгүй. Иймд хохирогчдын сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгөх саналтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.