УИХ-ын чуулганы хуралдаанаар Гурил тэжээлийн гаалийн татварыг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Сайд, гишүүд нар хөдөөгүүр яваад аргагүй эрхэнд ийм хууль оруулж ирээд батлуулах гэж байна. Иргэдээ бодсон ийм хууль оруулж ирж байгаад баярлаж байна. Олон үйлдвэрүүд нь Ардчилсан нам гэж яриад байгаа ч шийдвэр гаргагч нар нь МАН шүү дээ. Үйлдвэрлэгч нар руугаа дайраад байх юм. Гэхдээ энэ үйлдвэрлэгч нарт бас асуудал байна. Тариаланчид нь урамшуулал авч байгаа, үйлдвэрүүд нь хангалттай зээл авч байгаа. Тэгсэн хэр нь маш үнэтэй байгаад байх юм. Үүнийгээ яагаад шалгаж тогтоохгүй байгаа юм бол. Ажлын хэсэг байгуулсан ч намайг оруулахгүй юм. Би ороод хүний өөрийн гэхгүй арьсыг нь хуулмаар байх юм. Хэдэн жил өндөр үнэтэй гурил идсэн иргэдээ хоёр сар хямд гурилаар хангаад сайхан санал авна гэж бодож байгаа нь эндүүрэл гэж хэлмээр байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад гурил үйлдвэрлэгч нарын олсон орлого нь 240 тэрбум төгрөг, 2023 онд 190 мянган тонн гурил үйлдвэрлэхэд орлого нь 430 тэрбум байна. Хоёр дахин нэмэгдсэн нь улс төрийн агуулгатай гэж хардаж байгаа. Үгсэн хуйвалдсан гээд торгууль тавьсан. Шүүхэд өгөөд 1.5 жил болж байна. Шийдвэр хэрэгжихгүй байгаа учраас Засгийн газраас энэ хуулийг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Манай улс дэлхийд байхгүй үнээр гурил идэж байгаа учраас үнийг нь буулгах нь зөв. Тариалан эрхлэгчидтэйгээ уулзсан уу? Ямар байдлаар хүлээн авч байна вэ? Улаан буудайгаа экспортлох асуудлыг хэрхэн хүлээн авч байна вэ?
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Төр аливаа зохицуулалтыг хийх ёстой. Иргэддээ хямд гурил хэрэглүүлэх нь номер нэгд байх ёстой. Харин үүний дараа тариаланч, үйлдвэрлэл байх ёстой. Ер нь бол 12 үйлдвэр байдаг ч гол дөрвөн үйлдвэр хангадаг юм билээ. Хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм билээ. Тогтоолыг дагалдуулж оруулж ирж байгаа. Гурилын үйлдвэрүүдийн лабораторийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори болгох асуудал оруулж ирнэ. Мөн биржээр худалдаалах зөв зүйтэй зохицуулалтыг хийнэ. Мөн нийт буудайны 100 мянган тонныг улс худалдан авч нөөц байгуулъя гэж байгаа. 180 мянган тонныг нөөцлөх боломж байгаа юм билээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Гурилын үнэ өндөр байгаа. Иргэд хямд гурил идэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Засгийн газар газар тариалангийн салбараа орхигдуулахгүй. Энэ салбарыг жинхэнэ утгаар нь хөгжүүлнэ. Гурилын үйлдвэрүүдийн хараат бус болсон газар тариалангийн салбараа хараат бус болгоно гэв.
Гурил тэжээлийн гаалийн татварыг тэглэх хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.