Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй нэр бүхий арав орчим аж ахуйн нэгжийн нэрээр борлуулалт хийж, орлого олсон гэх мэдээллийг татварын байгууллагын системд шивдэг, “И-баримт”-д хуурамч баримт бүртгүүлж байсан хүмүүсийн үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлэн шалгасныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Н.Ууганхишиг, Г.Ганзориг, Б.Уянга, Х.Батхүү, П.Цэнгэлбаяр нар хамтран 2017 оны IV улирлаас 2022 оны I улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 10-аад компанийн нэр дээр борлуулалт хийсэн тухай мэдээллийг Татварын албаны цахим мэдээллийн баазын бүртгэлийн системд оруулж нийт 14 180 ширхэг хуурамч баримт үйлдсэн гэнэ. Мөн 835 иргэний нэрээр “И-баримт”-ын нэгдсэн системд баримт бүртгүүлэн тэдний дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулалд 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан хэрэгт холбогдсон юм. Тэд хууль бусаар авсан буцаан олголтын мөнгийг төвлөрүүлэн авахдаа банкны гүйлгээний утгыг өөрчлөн бичүүлэх, мөнгийг бэлнээр авах, зээлийн төлбөрт шилжүүлж байсан аж.
НПГ-аас тэднийг Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсгийн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, 18.7-1-ийн мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Ганзоригт хоёр жил зургаан сар хорих, П.Цэнгэлбаяр, Х.Батхүү, Н.Ууганхишиг, Б.Уянга нарт 5-6 сая төгрөгөөр торгох, зорчих эрхийг нь 1-2 жилийн хугацаагаар хязгаарлах ял оноон, улсад учруулсан 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
монголчууд сэргэлэн шүү