СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-18

🔴С.Бямбацогт: Нэртэйгээр нь ЗТХЯ-ыг татан буулгаж, агаарын тээврийн яам болгочих л доо

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хийв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллыг бэлтгэсэн. Тухайлбал, хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр томьёог тодорхой болгох, өргөн мэдүүлсэн нь Ирээдүй өв сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоорондын нийцлийг хангах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасныг 34 хувь болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулах томьёоллыг боловсруулжээ. Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн.

Мөн Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэх, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг мөн төсөлд тусгасан гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээж, хүн бүр хувьцаа эзэмших боломжийг хангахын тулд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дамжиж энэ хуулийн төсөл боловсруулагдсан. Гэтэл энэ хуулийг гууль болгох гэж, ногдол ашгаа авах гээд хүлээж байгаа 3.5 сая иргэний хүлээлтийг нураах гэж байгаа юм шиг асуудал орж ирэх юм. Засгийн газраас өргөн барьсан төслөөс тэс өөр "орлого төвлөрүүлэгч этгээд нь уул, уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангана" гэсэн заалтыг Засгийн газраас өргөн барьсан.

Гэтэл хуулийн төсөлд "авто зам, төмөр замын дэд бүтцийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж удирдлага зохион байгуулалтаар хангана" гэж байна. Өөрөөр хэлбэл авто замын бүх АЗЗА-нуудыг Эрдэнэс Монгол компани мэдэхээр болж байна. Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам гээд бүх компаниудыг Эрдэнэс Тавантолгой компани мэдэх юм байна. Улаанбаатар төмөр зам ХНН-ийг яаж мэдэх гэсэн юм бол. Ийм хачин заалтыг оруулж ирэх юм. Үүний цаана ерөөсөө л Гашуунсухайтын авто зам гэж жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог, өдөртөө 540 сая төгрөгийн орлого олж замаа засдаггүй, түүгээр зорчиж байгаа тээврчид байнга эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Тэгээд Эрдэнэс Монгол компанийн ажилчдын цалинг тавьдаг. Үүнтэй адилхан юм хийх гэж байна. Гашуунсухайтын замаа тавьж чадахгүй байж бүх төмөр зам, авто замыг мэдэж яах гээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Энд монголын бүх замыг авна гээгүй. Гашуунсухайтын авто зам Эрдэнэс Монголын мэдэлд 100 хувь гэдэг саналыг ажлын дэд хэсгээс оруулж ирсэн. Уул уурхайн том компаниуд "Эрдэнэс Монгол" компани дээр байна. Харин бодлого нь Уул уурхайн яам дээр байна. Энэ зам нь "Эрдэнэс Монгол" компани дээр очсноор бодлого алдагдчихгүй байх гэж бодож байна. 

Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал С.Наранцогт: 

-Сайдад буруу мэдээлэл очсон байна. Баялагийн сангийн орлогыг тогтвортой байлгах тухай асуудал бүлэг дээр уул уурхайн төрийн өмчит компаниуд эдгээрийн удирдлага зохион байгуулалт нэгдмэл байж орлого ногдол ашиг төвлөрч иргэдэд хуримтлалын сангийн орлого бүрдэнэ гэж үзсэн. Ингээд бүрэлдэхүүн компаниудын асуудлыг ярьж байх үед манай өөрийн хөрөнгө оруулсан, Хөгжлийн банкны 239 тэрбум өрийг төлсөн Гашуунсухайтын автозам, бүх хөрөнгө оруулалтыг нь оруулсан Тавантолгой төмөр замын үг үсэг алга байна гээд автозам, төмөр зам гэдэг үг орсон. Ингээд хөрөнгө оруулалт гэдгийг тодотгож өгсөн. . Бүх зам гэсэн ойлголт байхгүй. Гашуунсухайт болон Тавантолгойн зам гэсэн л ойлголт байгаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-С зөвшөөрлийн авлигал байна гэсээр байгаад С зөвшөөрлийг уул, уурхайн компаниуд авсан. Урьд нь 1-2 сая төгрөг гэж яригддаг байсан бол өнөөдөр 20-30 сая төгрөгийн авлигал яригддаг болсон. Өнөөдөр монгол тээвэрчид 10 хоногт маш бага тээвэр хийж байхад Хятад компанийн тээвэрчид өдөр бүр өндөр ханшаар тээвэр хийж байна. Үүнээс болоод тээвэрчид ажил хаялт зарлаад байж байгаа. Ийм байдлаар С зөвшөөрлийг уул, уурхайн компаниуд авснаас болж авлигал нь 20-30 сая төгрөг болсон. Өмнө нь Л.Халтар сайдаа төмөр зам дээр нэг вагон тавихад 500 сая төгрөгийн авлига авч байна шүү гэдгийг УИХ-ын гишүүн байхдаа хэлж байсан. Үнэхээр тийм байсан. С.Батдөл баригдсан. Нүүрсний хулгай байна, улсын хилээр 2 сая тонн нүүрс гарсан байна гэж хэлж байсан. Ард түмэн бүгдийг мэддэг болсон. Үүнтэй адил С зөвшөөрлөөр шүгэл үлээж байна. Нэртэйгээр нь ЗТХЯ-ыг татан буулгаж, агаарын тээврийн яам болгочих л доо гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
1 долоо хоногийн өмнө
70.187.210.175

Ene nayambavogt gedeg hyn monhol turd mash ih gai bolj bgaa hyn yndsen huuliin 2 uurchlultiig ene hyn enhbold toi niilj hudal yarsaar hiisen turuus hurdan zailuulah heregtei shudarga dyr esgesen hulgaich

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.