СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Гацуурт”-ын захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хасав

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 сарын өмнө

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа иргэд, малчдыг дайрахыг завдаж, эрүүл мэнд, аминд нь заналхийлсэн үйлдэл өнгөрсөн оны зургаадугаар сард өдүүлсэн.

Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэхэд Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг машинаараа хөөж дайрахыг завдсан билээ.

Эл үйлдэлд нь Л.Чинбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдыг гүтгэсэн хэмээн тус хуулийн 13.14-т зааснаар, нийтийн хэв журмыг зoрчиж бусдад хүч хэрэглэн, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн.

Түүнд холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэхгийн анхан шатны шүүх өнөөдөр (2024.05.01) хэлэлцэн шийдвэрлэлээ. Ингэхдээ зөвхөн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсгийн “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан” гэх хэргийг л хэлэлцэв. Учир нь охин, Соёлын сайд Ч.Номингийнх нь нэр дээр бүртгэлтэй, “Ланд круйзер-200” загварын, 1559 УБЦ улсын дугаартай автомашинаа зэвсгийн чанартай ашиглан хүний амийг хөнөөхийг завдсан түүний үйлдлийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар иргэд, малчдыг автомашинаар хөөж, дайрах гэсэн Л.Чинбатын үйлдэл нь хүний амийг санаатай бүрэлгэхийг завдсан хэргийн субъектив санаа зорилго агуулаагүй гэж прокурор нь дүгнэсэн байдаг.

Ингээд дээрх шүүхээс Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг хоёр сар хасах ял оноосон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.