СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-02

Маргааш талбай дээр жагсаал болно

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 долоо хоногийн өмнө

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан маргааш /2024.05.03/ төв талбайд “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” акцыг зохион байгуулна.

Уг жагсаалд зөвхөн сэтгүүлчид оролцох бөгөөд тэднийг ажил үүргээ гүйцэтгэхэд манай улсын хууль эрхзүйн орчин хэрхэн саад болж буй талаар жишээ дурдан үгээ хэлэх юм. 

Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, боомилсон хууль тогтоомжийг удаа дараа УИХ-аар батлан гаргаж, мөрдөн хэрэгжүүлж байна. Үүний улмаас ардчиллын суурь болдог Хэвлэл мэдээллийн салбар хумигдах, боогдох, хязгаарлагдах нөхцөл үүссэнээс болж хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажиллагсдын эрх ашиг ихээр зөрчигдөх боллоо. Эдгээр асуудлыг сөхөж гаргах, гарц шийдлийг хэлэлцэх, салбараараа асуудлаа ярилцах нь энэ удаагийн цуглааны гол чиглэл байх нь ээ.

Монголын сэтгүүлчдэд тулгамдаж буй дээрх асуудлыг гишүүн байгууллагын хувьд Олон улсын сэтгүүлчдийн холбоонд мэдэгдэж, тус холбооны зүгээс манай улсын төр засгийн удирдлагууд болон холбогдох хүмүүст ил захидал илгээжээ. Ил захидлыг албан ёсоор маргааш болох жагсаал дээр танилцуулах ажээ. Мөн зөвлөмж, шаардлагуудыг төр засгийн удирдлагуудад гардуулж өгнө.

Үүний зэрэгцээ улс төрийн намуудад уриалга хүргүүлж, УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарч, амлалт өгөхийг хүссэн аж. Үүний дагуу маргааш төв талбайд улс төрийн намуудын удирдлагууд ирж МСНЭ-ийн уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр:

-Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг НҮБ-ын конвенцоор хүний эрхийн хамгаалагчид гэж үзсэн байдаг. Гэтэл биднийг хамгаалах ямар ч хууль, эрх зүйн орчин алга. Харин эсрэгээрээ бидний эрхийг хязгаарлаж, үйл ажиллагааг боомилсон 14 орчим хууль үйлчилж байна. Үүнийг үе шаттай засаж сайжруулахад Хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэх цаг болжээ. Тиймээс 5 сарын 3 өдрийн 10:30 минутад бүгд Сүхбаатарын талбайд уулзъя хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.