Б.Болортуяа нэгдүгээр сарын шилдэг бөхөөр шалгарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

08 05сар 2024
Чөлөөт бөх 3414

Б.Болортуяа нэгдүгээр сарын шилдэг бөхөөр шалгарлаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос сар бүр шилдэг бөхийг шалгаруулахаар болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гранпригийн 53 кг-ын жинд түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяаг тодорлоо.

 

Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа нь өнгөрөгч долоо хоногт Красноярскт дөрөв барилдахдаа ердөө 2 оноо алдаж түрүүлсэн юм. Ташрамд сонирхуулахад энэ удаагийн Иван Ярыгиний гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн -53кг жинд монгол бөхчүүд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Тодруулбал, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа алт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, өнгөрсөн жилийн энэхүү тэмцээний хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медалийн эзэн боллоо. Шигшээ барилдаанд монгол бөхчүүдийн дуэльд Б.Болортуяа оноогоор цэвэр (11:0) ялснаар тус тэмцээнд анх удаа түрүүлснээс гадна манай эмэгтэй бөхчүүдээс 18 дахь алтан медалийг авчирлаа. Монголын эмэгтэй бөхчүүд Красноярскийн Гранприд нэг жинд медалийн иж бүрэн цуглуулгатай буцсан хоёр дахь тохиолдол болж байна. Гурван жилийн өмнө буюу 2019 онд 68 кг жинд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг алт, ОУХМ Э.Даваанасан мөнгө, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэж байв.

Түүнчлэн шилдэг эрэгтэй тамирчнаар Ярыгиний нэрэмжит тэмцээний 97 кг-ын жинд түрүүлсэн олимп, дэлхийн аварга Кайл Снайдер (АНУ), сонгомол бөхийн шилдгээр "Загреб опен"-ий 97 кг-д түрүүлсэн Феликс Балдууф (Норвеги) нар тодорлоо.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх