🔴LIVE: С.Амарсайхан: Үндэсний стандартыг брэнд болгож дэлхийд экспортлох хэрэгтэй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Улс төр 653

🔴LIVE: С.Амарсайхан: Үндэсний стандартыг брэнд болгож дэлхийд экспортлох хэрэгтэй байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж байна.

Монгол улсын шадар сайд С.Амарсайхан:

-Стандарт гэдэг нь шинжлэх ухаанд суурилсан хөгжил билээ. Улс орны хөгжлийн гол шалгуур, Үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь нь стандарт юм.Тийм ч учраас аливаа улс орны шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нөөц ундарга нь байж, Засгийн газартаа техникийн туслалцаа, зөвлөмж үзүүлэн чиглүүлж зүглүүлж байдаг газар нь Стандарт, хэмжил зүйн байгууллага байдаг.

Төрийн байгууллагын тогтолцоо, бодлого, шийдвэрээс эхлээд ард иргэд, ААН-үүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, нийгэм эдийн засаг, байгаль орчин, хүнс, эрүүл мэнд, боловсрол, барилга байгууламж, зам дэд бүтэц, худалдаа, тээвэр логистик, бараа үйлчилгээ гээд бүхий л салбарт стандарт хамааралтай. Иймд  Засийн газраас стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байгаа.

Стандартын байгууллага зөвхөн стандарт батлаад, эсвэл батлуулахыг хүлээгээд суудаг биш, хаана ямар стандарт шаардлагатай байна, түүнийг боловсруулах, батлуулах, мөрдүүлж хэвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, улмаар хяналт тавих учиртай гол байгууллага. Гэтэл энэ зарчим үндсэндээ алдагдсан.

Наад захын жишээ дурдахад, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг тусгаж өгөөгүйгээс төрийн худалдан авалт чанаргүй болж, олон талын шүүмжлэл дагуулдаг. Иймд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт стандарт, техникийн зохицуулалтыг заавал тусгах зохицуулалтыг бий болгохоос энэ салбарын шинэчлэл эхэлнэ.

Япон стандарт, Герман стандарт, Европ стандарт гэхээр монголчууд бүгд мэддэг хэрнээ Монгол стандарт гэхээр аль салбарт ямар стандарт мөрдөгддөгийг бүх нийтээрээ мэддэггүй. 

Гэтэл Монгол Улсад өнөөдөр нийт 6524 стандарт мөрдөгдөж байгаагаас 2809 буюу 43 хувь нь олон улсын түвшинд хүрсэн байгаа. Үлдсэн стандартуудыг олон улсын түвшинд нийцүүлэх, үндэсний стандартыг брэнд болгож дэлхийд экспортлох хэмжээний амбийц бидэнд хэрэгтэй байна.

“Стандарт ба Хөгжил” гэсэн агуулга бүхий үндэсний хөтөлбөрийг бүх талын оролцоотойгоор боловсруулж, танилцуулах үүрэг даалгаврыг би 4 сарын өмнө өгсөн. Энэ Үндэсний хөтөлбөр боловсруулах ажил юу болж байна вэ гэдгийг стандартын газрын удирдлагуудаас асуумаар байна.

Үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон, хэрэгждэггүй зарим стандартыг өөрчилж шинэчлэх, хүчингүй болгож цэгцлэх асуудлыг миний бие салбарын асуудал эрхэлсэн сайдын хувьд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газарт ажиллахдаа хөндөж, тодорхой үүрэг чиглэл өгч байсан.

Одоогийн 6500 гаруй стандартаас хамгийн олон буюу 802 нь эрүүл мэнд, 663 нь хүнс, хөдөө аж ахуй, 655 нь барилгын салбарын стандарт эзэлж байгаа тул хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд хамаатай эдгээр салбарын стандартуудыг цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан нэн даруй өөрчилж шинэчлэх,  заримыг нь хүчингүй болгох шаардлагатай байгааг сануулсан.

5 жил тутамд хийдэг Үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшингийн 2018 оны улсын үзлэгээр Эрүүл мэндийн салбарын 407 стандартыг дахин хянаж, шинэчлэхээр дүгнэлт гаргасан байхад өнгөрсөн жилийн байдлаар дөнгөж 7.6%-ийн гүйцэтгэлтэй байсан.

Өнгөрсөн 2 жил Ковидын халдварын улмаас олон байгууллагын үйл ажиллагаа хумигдмал байсныг ойлгож байна. Гэтэл энэ жил,

Стандарт батлах гэж ингэж бөөн хүнд суртал, хүндрэл чирэгдэл болдог. Баталсныгаа хэрэгжүүлэх, хяналт тавих дээрээ тулахаар эзэнгүй орхигддог. Манай улсад Стандартын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл Мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлж ирсэн. Гэвч тухай тухайн салбаруудад холбогдох стандартыг хэрэгжүүлээгүйн улмаас монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх баталгаа хумигдаж, аж ахуйн нэгжүүдэд олон  эрсдэл, хүндрэл бэрхшээл тулгамдаж байгаа нь стандартыг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоо хангалттай түвшинд бүрдээгүйг харуулж байна.

Одоогийн байдлаар Стандарт, хэмжил зүйн газар болон төр, хувийн хэвшлийн 11 байгууллага итгэмжлэгдээд байгаа билээ. Цаашид Олон улсын жишигт нийцүүлэн стандартын хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зэрэг тухайн салбарын хараат бус, хөндлөнгийн мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагуудаар хамтран хэрэгжүүлэх чиглэлийг баримталж байна. Иймд энэ талаар нарийвчлан судалж, салбарын мэргэжилтнүүд та бүхний санал зөвлөмжийг сонссоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр өнөөдөр энд ажиллаж байгаа юм.

Төрийн хяналт шалгалтын зарим чиг үүргүүдийг мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх замаар нөөц, боломж, ачааллаа  тэнцвэржүүлдэг туршлага олон улсад ч бий.

Монгол үндэстний аюулгүй байдалтай шууд холбоотой хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль экологи, хүрээлэн буй орчин зэрэг салбарын стандартуудын хэрэгжилт, хяналтыг төр хараанаасаа хэрхэвч салгах учиргүй.   

Нийгэм даяараа стандартыг зарчим болгох, зарчмаа дадал болгон хэвшүүлэх чанар, стандартын соёлыг түгээхэд та бүхний үүрэг оролцоо, идэвх чармайлт хамгийн чухал юм шүү гэдгийг эцэст нь онцлон хэлэхийг хүсэж байна гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх