- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ХҮН намын гүйцэтгэх удирдлагад ажилладаг, 2023 оны есдүгээр сард тус намын орон тооны бус нарийн бичгийн дарга нарын нэгээр томилогдсон, хөгжлийн эдийн засагч гэгддэг Ц.Лут-Очир нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгтээ гурван шатны шүүхээс ял шийтгүүлэв.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч А.Гунгааноров, япон хэлний багш У.Анударь, “Монгол, Австралийн нийгэмлэг” ТББ-ын удирдах албан тушаалтан Ц.Лут-Очир, “Монгол, Франц төв” ТББ-ын нягтлан бодогч Л.Амгаланбаатар, нэгэн компанийн нягтлан бодогч Б.Сарангоо, өөр нэг аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал С.Золбоо нарт холбогдох хээл хахуулийн хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзсанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр боллоо.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч А.Гунгааноров нь өр авлага барагдуулах, даатгуулагчийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлаа хийж байхдаа өр төлбөрөө төлсөн нэгэн аж ахуйн нэгжийн нягтлан бодогч руу “хаялга байхгүй юу, тэ” гэсэн зурвас бичиж хахууль өгөхийн шаардсан хэрэгт холбогдсон юм. Мөн хугацаа хожимдуулж тайлангаа хүргүүлсэн “Монгол, Австралийн нийгэмлэг”, “Монгол, Франц төв” ТББ зэрэг байгууллага, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой атал түүнийгээ хийлгүй тус бүрээс нь 100 000-120 000 төгрөгийн хахууль авч, санд оруулсан, санд нэгэнт шивсэн мэдээллийг засварласан хэмээн буруутгасан юм. Мөрдөн байцаалтын шатанд А.Гунгааноров “Монгол, Австралийн нийгэмлэг” ТББ-ын удирдлагад тайлангаа хугацаандаа өгөхгүй байгаа талаар удаа дараа утсаар нь мэдэгдэж байсан. Гэвч Ц.Лут-Очир нь “Миний дүү тайлангаа гаргаад байж бай, би тун завгүй байна, чи аргал даа, байж бай” гэдэг байсан. Тэгээд 2020 оны есдүгээр сард Ц.Лут-Очирыг арай гэж дуудаж ирүүлэхэд тайлан дээрээ гарын үсэг зурж тэмдэг дарчихаад “Баярлалаа” гээд надад 100 000 төгрөг өгсөн” гэж мэдүүлж байжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дээрх хүмүүсийн үйлдлийг шалгаж тогтоогоод НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2023 оны есдүгээр сарын 20-нд хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ А.Гунгааноровыг 17 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаад, хахуульд авсан 570 мянган төгрөгийг гаргуулан улсан орлогод оруулах, торгох ялыг 24 сарын хугацаанд биелүүлэхийг даалгасан байна. Харин түүнд хахууль өгсөн Ц.Лут-Очир, Л.Амгаланбаатар, Б.Сарангоо, С.Золбоо, У.Анударь нарыг 2.8 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, торгох ялаа 18 сарын дотор биелүүлэхийг даалгасан аж.
Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг ХҮН намын нарийн бичгийн дарга, эдийн засагч Ц.Лут-Очир, түүний өмгөөлөгч Б.Баяраа тэргүүтэй хүмүүс нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн бөгөөд Дээд шүүх тэдний гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар торгох ял хүчин төгөлдөр боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
XYH nyyr tsarai,. bygd hulgaich bygd Uvsiih