Чуулган: Цар тахлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай тогтоолын төслийг баталлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Видео мэдээ 1163

Чуулган: Цар тахлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай тогтоолын төслийг баталлаа

“Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар хийсэн. 

Тус төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлжээ. 

Нийт 50 гаруй зарчмын зөрүүтэй санал УИХ-ын гишүүдийн зүгээс гарсан бөгөөд зүйл тус бүрээр санал хураалт явуулснаар тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа. 

Уг тогтоолын төсөлд "эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчдыг моргейжийн зээлд хамруулах" асуудлыг тусгасан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад "төрийн үйлчилгээний албан хаагчдад" болгон өөрчилсөн юм.

Засгийн газраас ипотекийн зээлийн хүүгийн татаас гээд 60 тэрбум баталсан. Үүнээс 34 тэрбумийг нь НОСК-д шилжүүлснээр Монголбанк санхүүжүүлээд энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой гэж хууль санаачилагчид тайлбарласан. 

Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар /COVID~19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж, энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, төрийн бусад байгууллагаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр зогсонги байдалд орсон эдийн засгийг дэмжиж, банк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдан улмаар санхүүгийн тогтворгүй байдал үүсгэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрөөс коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын эсрэг авч байгаа бусад цогц арга хэмжээнд дэмжлэг болж, харилцан уялдааг хангах аж.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх