🔴LIVE: Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгааг иргэд эсэргүүцэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1319

🔴LIVE: Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгааг иргэд эсэргүүцэж байна

Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгааг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Иргэн н.Тэмүүжин:

-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд усан парк барих нэрийдлээр орон сууцны хороолол барьж байгааг эсэргүүцэж байна. Энэ хэсэгт Улаанбаатар хотын авто, төмөр замын хэвтээ болон босоо тэнхлэгийн тэгш цэг нь таарч байгаа. Тиймээс энд аливаа орон сууцны хороолол барьж болохгүй. Усан парк барих газарт төв зогсоол барьснаар бид тээвэр дээр суурилж, тэлж хөгжих боломжтой.

Үүнээс гадна, энэхүү усан парктай холбоотой хууль зөрчсөн олон асуудал байна. Хот суурин газарт төмөр замын хамгаалалтын бүсийг 100 метрийн зайд татдаг бол онцгой тохиолдолд төмөр замын тэнхлэгээс 50 метрийн зайд хамгаалалтын зурвас байгуулж, цаана нь орон сууц барьж болдог. Мөн орон сууцны хорооллууд голын эрэг дагуу баригдсан байдаг бол тус барилга нь Дунд голын ай сав, усны голдиролд, бараг гол дотор нь баригдсан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны харьяа Туул голын сав газрын захиргаа зэрэг холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа мэдэгдэл өгсөн ч хариу өгөхгүй байна.

2020 оны есдүгээр сарын 30-нд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тухайн компанийг газраа ашиглаагүй хоёр жил болсон гэх шалтгаанаар шүүхэд өгсөн. Тэгэхэд өнөөдөр Хотын дарга үүнийг хууль зөрчөөгүй явдал гэж үзэж байгаа нь энэ асуудал улстөржсөний илэрхийлэл.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

- Үүнээс хойш зориулалтыг нь өөрчлөөд, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох шийдвэр 2020 онд гарсан. Тэгвэл тухайн байгууллага Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахад шүүхээс гомдлыг нь үндэслэлтэй гэж үзээд, буцаад зориулалтаар нь ашиглахыг зөвшөөрсөн. Ингээд 2022 онд захирамжийг нь эргэж сэргээхдээ усан парк барих зориулалтаар ч мөн олгосон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хүлээж ажилласан. Харин энэ барилгын зөвшөөрөл анхнаасаа хууль ёсны дагуу олгогдсон эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх