Гамшигт өртсөн айл өрхүүдэд гэр, хүнс, барааны дэмжлэг үзүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 533

Гамшигт өртсөн айл өрхүүдэд гэр, хүнс, барааны дэмжлэг үзүүлнэ

Баянзүрх дүүрэгт буусан үерийн улмаас хохирсон иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар УОК-оос мэдээлэл өгөв.

Нийслэл хотод өчигдөр буюу 8 дугаар сарын 05-ны өдөр орсон түр зуурын усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын ээлжит хуралдаан болсон байна.

Хуралдаанаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой комиссын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт холбогдох үүрэг, чиглэлийг өгчээ.

Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт болсон үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай хүн хүч, машин, текникийг дайчлан гаргаж, шуурхай зохицуулалтаар хангаж ажиллах ёстой. Мөн үерт өртсөн айл өрх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, үерийн улмаас халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэх тул эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, болзошгүй халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтад үндэслэн аюулгүй байдлыг хангаж хязгаарлалтад орсон айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай.

Мөн үерт өртсөн айл өрхүүдийн судалгааг нэн даруй гаргаж, иргэдийг нэн шаардлагатай цэвэр ус, хоол хүнс, дулаан хувцасаар хангахыг даалгалаа.

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны нэгдүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн хохирлын анхан шатны үнэлгээ хийж, улсын Онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх, цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг илүү нарийвчлан гаргаж тогтмол давтамжтайгаар иргэдэд хүртээмжтэй байдлаар түгээх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.

Мөн ОБЕГ-т УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлж, үерийн үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, харилцан ажиллагааг хангаж, шуурхай мэдээ, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэхийг анхааруулжээ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Үерийн үеэр харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг

Цаашид хөдөө орон нутагт аадар борооноос үүдсэн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Тариат багийн  нутаг дэвсгэрт гэрийнхээ гадаа байсан хүүхэд аянгад цохиулж, хоёр нь амь эрстэж, нэг нь эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа мэдээлэл ирсэн.

Наймдугаар сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох мэдээллийг ЦУОШГ-аас өгсөн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг хүсье.

Зэвсэгт хүчний 150 алба хаагч үерийн голомтод ажиллаж байна. Мөн хэрэгтэй техник хэрэгслийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа:

-Баянзүрх дүүрэгт газар олголт хийсэн хүмүүсийн асуудлыг авч үзэх ёстойг иргэд хэлж байсан.

Улаан цайм уулын үер буудаг хэсгүүдийг тэгшлээд газар олголт хийгдсэн. Иймээс үер усны гамшигт өртөх, орон гэр, амь насаа алдах нөхцөл байдал үүссэн учир тэнд буусан иргэдийн буруу гэхээсээ илүүтэйгээр хэн газар олгосон, үер усны замыг хааж газар олгосон бол үүнээс сэргийлэх ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийснийг харах ёстой гэж бид үзэж байгаа.

Дэлхийн зөн ОУБ, НҮБ-уудтай хамтран өөрийн төсөв санхүүгийн хүрээнд Цэвэрлэгээ, ариутгал хийх санхүүжилтийг хуулийн дагуу ХНХЯ Онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулна.

ОБЕГ орон нутагт хороо бүрд ажилтан байдаггүй. Халамжийн ажилтан, хэсгийн ахлагч нар онцгой нөхцөлд УОК-ын үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хамтран ажиллах үүрэгтэй байдаг.

Нэн түрүүнд гамшигт өртсөн айл өрхүүдийг холбогдох халамж, дэмжлэгт хамруулж, цэвэрлэгээ ариутгалыг хийнэ гэв.

 

.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх