🔴LIVE: Л.Золбаатар: Баян-Өлгийг тусад нь сонгуулийн тойрог болгох нь улсын тусгаар тогтнолд аюултай

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1571

🔴LIVE: Л.Золбаатар: Баян-Өлгийг тусад нь сонгуулийн тойрог болгох нь улсын тусгаар тогтнолд аюултай

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар өчигдрөөс хэлэлцэж эхлээд байна. Тогтоолын төсөлд тусгаснаар аймгуудыг нэгтгэж, нийтдээ долоон тойрогт хуваагаад байна. Тус асуудлын хүрээнд "MEC" судалгааны байгууллагын захирал Л.Золбаатартай ярилцлаа.   

-УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтох асуудлыг чуулганаар хэлэлцэж эхлээд байна. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар оруулж ирлээ. Та судлаач хүний хувьд энэхүү өөрчлөлтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн өмнө тойргийн хуваарилалт хийдэг муу зуршил байна. Өмнө нь 2020, 2016, 2012 онуудад болон түүнээс ч өмнө ингэж өөрчилж ирсэн. Тойргоо дахин зурдаг. Энэ удаа ч МАН тойргийн өөрчлөлтийг хийж байна. Яахав, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй болсон учраас тойргийн өөрчлөлтийг хийж байгаа гэж тайлбарлаж буй юм.

Нэгдүгээрт, тойргийн өөрчлөлтийг бүсчилсэн байдлаар оруулж байгаа нь зөв юм. Сонгуулийн пропорциональ систем рүү явж байгаа талаасаа зөв. Гэхдээ яг яаж бүсчилж байна вэ гэдэг нь чухал. УИХ-ын дарга өчигдөр байнгын хорооны хурал дээр ярина лээ. “Монгол Улс нэгдмэл улс. Бүгдээрээ адилхан байх ёстой. Бодолцох ёстой” гэж. Энэ үнэн шүү дээ. Нэг л улсын иргэд. Тэнд казак үндэстэн амьдардаг гээд тусад нь харж үзэх шаардлага байхгүй юм байгаа юм.

-Тогтоолын төсөл санаачлагчид болон гишүүдийн зүгээс Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгох нь зөв. Бусад аймгуудтай нэгтгээд тойрог болгочихвол тус аймгаас парламентад төлөөлөл сонгогдохгүй байх эрсдэлтэй гэдэг зүйл ярьж байгаа?

-Казак үндэстэн УИХ-д орж ирж чадахгүй нь гэдэг. Энэ асуудлыг амархан шийдэх боломжтой шүү дээ. Улс төрийн хоёр том нам нь намын жагсаалтынхаа эхний 10 дотроо казак үндэстэн оруулчих л даа. Пропорциональ хэсгээсээ.

Нөгөөтэйгүүр Увс, Ховд аймгаас сонгогдсон гишүүдийн айгаад буй нэг сэдэв нь Баян-Өлгийг Ховд, Увс аймагтай нэг тойрог болсон нөхцөлд сонгогдох боломж буурна гэж айгаад байна. Баян-Өлгий аймгийн сонгогчдын ирц өндөр байдаг. Тиймээс Ховд, Увс аймагт байдаг казакууд Баян-Өлгийн сонгогчидтой нийлж байгаад есөөрөө УИХ-д орчих вий гэж болгоомжилж байна. Гэхдээ Ховд, Увс аймгийн сонгогчдын ирц сайн байвал ийм асуудал гарахгүй байх л даа.

МАН зөвхөн ирэх 2024 оны сонгуульд Ховд, Увс аймгаас сонгогдох магадлалаа нэмэхийн тулд ийм шийдвэр гаргаж болохгүй. Магадгүй 20-30 жилийн дараа, ирээдүйд Монгол Улсын бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнол, газар нутагт эрсдэл үүсэх байдлыг хиймлээр бий болгож байна. Зөвхөн 2024 оны сонгуулийг бодож болохгүй.

Баян-Өлгий бол Монгол Улсын нэг аймаг. Манай улс холбооны улс биш, нэгдсэн улс. Энэ тойргийн хуваарилалт нь ирээдүйд Монгол Улсын нэгдмэл байдалд сөрөг нөлөөтэй. Яаж ч тойрог хуваарилалт хийж болно. Гэвч, Баян-Өлгийг тусад нь тойрог болгож болохгүй.

Монгол хүний, улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд цаашид эрсдэлтэй.

-Тэгэхээр Баян-Өлгий аймгийнг өөр аймгуудтай нийлүүлж, нэг тойрог болгох нь зүйтэй гэж байна уу?

-Бусад бүх аймгийг хооронд нь нийлүүлээд нэг тойрог болгож болоод байна шүү дээ. Түүнтэй адилхан байдлаар шийдэх хэрэгтэй. Ялгамжтай байдал үүсгэж болохгүй. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай гээд нэг тойрог болгож болно. Шийдэж болохгүй асуудал биш.

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Unen l um helj bh um meddeg pyahluu bna uu tsaana chin

  2. Зочин

    Зөв шүү дээ, яагаад дангаараа нэг тойрог гэж. Монгол нэгдмэл улс шүү, саймширч байж муу үр дагаварт уначих вий

Сэтгэгдэл үлдээх