Басумцо нуур үнэхээр тансаг, эргэн тойрондоо мөнх цаст уулстай, ус нь тунгалаг болоод ч тэр үү нуурын өнгө сайхан харагдахыг нь яана.
Нуурын зургийг авахдаа аль болох өндөр цэгээс авбал тохиромжтой санагдсан тул дээшээ өгслөө. Гэвч энэ өндөрлөг газар дээшээ явган өгсөнө гэдэг маньд бол “там” л гэсэн үг. Яаравчлахгүй бол үүл бүрхчих гээд байдаг. Эцсийн зорилго маань энэ л болсон хойно камераа үүрээд, камерын тулгуур хөлөө чирээд уулын өөдөө аль болох хурдан мацаж гарлаа. Дунд нь амармаар байвч санаа дагаад ч тэр үү үүл их хурдан нүүгээд байх шиг. Шүдээ зуугаад дээшээ зогсолтгүй алхсаар л. Явсаар зураг авах довцог дээрээ амандаа хөөс сахруулсан, бөглөрч үхэх гэж байгаа “амьтан” гарч ирлээ. Ашгүй хараахан үүл бүрхчихээгүй нуурын цаад талд мөнх цаст уулын орой наранд гэрэлтээд үнэхээр тансаг “Кадр” харагддаг юм байна. Шалавхан тулгуур хөлөө бэхлээд зургаа авахаар зэхлээ. Тэгтэл яасан гээч камерын дэлгэц дээр No card. Oh shit!!! Дээшээ үүрч гарахаасаа төвөгшөөгөөд камераас бусад бүх цүнхтэй зүйлсээ доор үлдээчихсэн байдаг. Өөрийгөө амьсгаатсан чигээр чангаар зүхэж гарлаа. Урамгүйхэн доошоо бууж шарандаа буцаад дээшээ ахиад гарна. Би энэний төлөө л энэ хол замыг туулж ирсэн. Би чадах ёстой. Ахиад гарч ирэхдээ уурандаа бас шарандаа арай ч хурдан гарч ирсэн байх. Гэхдээ үүл аль хэдийнээ бүрхээд нөгөө гоё өнгө, гэрэл байхгүй. Одоо яахав гарч ирснийх ганц кадр дарсан болоод буцлаа.