Шинэ оны босгон дээр www.livetv.mn сайт уншигч, үзэгчдэдээ зориулан "Дурантай бадарчин" шинэ буланг бэлэг болгон барьж байна. Энэхүү булангаараа гэрэл зурагчин Аlex.T буюу А.Түмэнжаргалын аян замын фото тэмдэглэл бүхий маш сонирхолтой нийтлэлийг цуврал хэлбэрээр хүргэж байх юм
Ингээд Төвдийн уудам нутаг, өндөрлөг уулсаар гурван сарын турш аялсан аян замын тэмдэглэлийг эхлүүлж байна. Хамтдаа аялцгаая...
....Тэр зүүдэнд би уулын бэлээр сарлаг тууж байсан, бас чиг байгалийн сайхныг бахдан биширч, аанай тэрхүү гайхамшигт өвөрмөц тогтцод бараг согтоод гуйван явах юм. Бас болоогүй баруун гартаа гэрэл зургийн аппаратаа харин нөгөө гартаа бортогтой ус барьчихсан алхсаар л байлаа. Байгалийн өвөрмөц дүр төрх, цэнхэрлэн харагдах тэнгэр, хөвөн үүлс, тохой толгодыг бүгдийг нь гэрэл зургийн хальсанд буулгаж явлаа гэтэл тэртээ алсад тэнгэр баганадсан өндөрт цасан малгайтай мөнх өвгөн уул, цэнхэр тэнгэртэй ханьсан үүлсийн дундаас зэрэглээтэн байх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Ухаандаа тэр бол нөгөө миний бодон бодон зүүдэлсэн Эврест оргил байх юм гэж хэн мэдэх билээ. Үүгээр миний адал явдал эхэлсэн гэж хэлж болно...
Гороологчид
Энэ залуу Төвдөд очоод миний хамгийн түрүүнд харахыг хүссэн “Сунан мөргөгч“ байлаа. Потала ордны баруун булангаас сунан мөргөсөөр гарч ирэхэд нь би нэг хэсэгтээ зураг дарахаа мартаад алмайраад зогсчихсон санагдана. Ийм дүрслэлийг өмнө нь зөвхөн дээхэн үеийн баримтат кинон дээрээс харж байснаас бодитоор харж байсан нь үгүй билээ. Эхний зургаа аваад л хамаг ажлаа бүтээсэн хүн шиг тайвшралыг мэдэрч байсан ч дахин өөр ямар гайхамшигт адал явдал намайг хүлээж байгаа бол гэж бодохоос догдолж байлаа.
Потала ордон нь гадуур нь болоод дотуур нь тойрдог хоёр замтай ба гороолох сүсэгтнүүд явган, мөлхөө, хэвтээ / сунан мөргөх/ бүх хэлбэрээр буян хураадаг юм билээ. Миний анзаарснаар мөргөлчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, тэр дундаа эмээ нар. Хөтчөөс асуувал төвдийн хүн амын 60-65 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн хувь нь мэдээж эрчүүд ч тэдний тал нь лам байж магадгүй гэнэ. Харин сүүлд лавлан асууж мэдсэнээр Төвдийн нийт хүн ам 6 сая гаруй байх тооцоотой боловч албан ёсоор 3 сая хүн амтай, дотор нь хятад үндэстэн ч их бий гэнэ.
Аялал цааш үргэлжилсээр...
Жич: Энэхүү цуврал нийтлэл нь гэрэл зурагчин А.Түмэнжаргалын албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэл бөгөөд нийтлэлээс зураг текстийг хуулбарлан авах бол www.livetv.mn сайт болон гэрэл зурагчнаас албан ёсны зөвшөөрөл авахыг анхааруулж байна.