Нийгэм доройтоход хошин шог, шашин хоёр үнэд ордог
-“Электорат” хөдөлгөөнийн хувьд зөв хүнээ олж нийгмийг эрүүлжүүлэх тухай ярьж байна. 2020 оны сонгуульд гол хоёр намаас гадна ямар нам хүч гарч ирэх бол?
-1992 оноос хойших сонгуулийг ажиглаад байхад монголд нэг ийм зүйл харагдлаа . Одоогоор хоёр том намыг түшсэн, улсын хэмжээгээр хөл гар нь тарчихсан сүлжээ байна. Жинхэнэ ардчилсан нийгмийг байгуулаад ардчилал руугаа орж байгаа юм бол улс төрийн нам гэдэг бол сонгуулийн үед үүрэгтэй. Бусад үед нийгмийн амьдралд зонхилох үүрэгтэй байж болохгүй. Нам тойрсон бүлэг чинь энэ 27 жилд тасралтгүй засгийн эрхийг барьж улс орныг удирдаж, ялсан нам өөрөө засаг төрийн эрх мэдлийг хувиарладаг учраас тэр намыг тойрч суусан хэсэг нөхдүүд улс төрийн бодлогыг авч явуулж байна. Энэ сүлжээ улс орон даяар хавтгайрсан.
Нэг нам нь ялагдахад мэргэжилтэй боловсролтой нөхдүүд ээлжээ хүлээн ажилгүй байна шүү дээ. Дөрвөн жил төр барихдаа цуглуулсан мөнгөөрөө өнөөдөр дөрвөн жил амьдраад л байна. Бүтээдэггүй нийгмийн хэсэг бол маш их завтай. Монголд өнөөдөр завтай хүн шиг их юм алга. Тэд өдөр болгон хэвлэлийн бага хурал хийж, жагсаж цуглаж байна.
-Энэ чөтгөрийн тойргоос яаж гарах вэ?
-Үндсэн хуулийнхаа өөрчлөлт шинэчлэлтийг авч үзэж болж байна. Дахиад өөр шинэ үндсэн хуультай болж болно. Засаглалаа нэг солиод үзэж болж байна. Яагаад гэхлээр ард түмний 70 хувь намд дургүй байна гэдэг чинь парламентийн засаглалаас зугтаая гэсэн санаа байна шүү дээ.
Миний хувьд Ерөнхийлөгчийн засаглалын тухайд АНУ-ын засаглалыг жишээ авч бичдэг хүн. Трамп бол АНУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд хүн шүү дээ. Өөрөө засаглалаа бүрдүүлээд ажиллаж байгаа. Үүнийг нь парламентын хоёр танхим хянаад сууж байна шүү дээ.
Эцсийн эцэст “Электорат” хөдөлгөөний зорилго ч бай улс төрчдийн санаагаа чилээгээд байгаа үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэл ч бай бүгд л ард түмнийг сайн сайхан амьдруулахын төлөө, монголын ард түмнийг жаргуулахын төлөө хийгдээд байгаа ажил гэж ойлгоод байгаа.
“Электорат” хөдөлгөөн монголчуудад танил болсон, үнэхээр эргэлзэхгүйгээр сонгоход алдахааргүй тийм л зөв хүмүүсийг сонгоорой гэж уриалж байгаа юм. Бидэнд нөөц нэрс бий. 2000 гаруй нэрсээс сонгон шалгаруулж шигшсэн. Удахгүй танилцуулах байх. Тэр нэрс дунд үнэхээр агуу сэтгэдэг философич хүн ч байна. Телевизийн салбарын уран бүтээлчид ч их байна.
-Улс төрд философийн боловсролтой хүн гарч ирэхээс илүүтэй олны танил бизнесмен, бөхчүүд сонгогдчихдог. Зөв сонголт хийх зөв систем байхгүй байна уу?
-Популизмдаа байгаа. Монголы нийгэм бол маш том популизм нийгэм. Нийгмийн халамжийн асрамжийн бүгд найрамдах улс болчихсон байна. Өнөөдөр 72 нэр төрлийн халамжийг ард түмэндээ хүртээдэг юм байна. Үүндээ өнгөрсөн жил л гэхэд 704 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм. Гэтэл хүн амын 3/1 ядуу, ажилгүй байдаг. Ажил хийх сонирхолгүй хүн бүүр их байдаг юм байна. Энэ дунд популистууд гарч ирнэ. Биелэхгүй бүтэхгүй сайхан зүйл амална. Амалсан юм нь хэрэггүй байж болно.
Зүгээр сэтгэлийн гэгээ болох хүн гарч ирж байна. Нэг тойрог дээр нэг философич юм ярьж байхаас илүү нэг дуучин очоод дуулахад сонгогдож байна шүү дээ. Нийгэм доройтсон учраас урлаг соёл нь дампуурчихсан байгаа шүү дээ. Европт 18 дугаар зуунд хаагаад хаячихсан хошиг шог, нийтийн дуу, алиа хошин марзан урлаг Монголд өнөөдөр хүчээ авч байна. Нийгэм доройтоход хошин шог, шашин хоёр үнэд ордог. Тэгэхээр нийгмийг бүхэлд гэгээрүүлэх, 21 дүгээр зууны хөгжлийн хурдтай нийцүүлж, урагш нь явуулах улс төрчид хэрэгтэй байна. Сонгогчид ч гэсэн төрөхдөө хэрсүү, үхэн үхтлээ хэрсүү байх хэрэгтэй.
-Өнөөгийн энэ бараан байдлаас гарах гэрэл гэгээ, гарц юу вэ?
- 5 А буюу өөрийн санаагаа хэлье. Автомашинаар явуулдаг механизмуудыг хаая. Монголчуудыг Улаанбаатарт автомашин барихгүй болтол нь хуулиар дарамтлая. Жишээ нь ажлын долоо хоног автомашин барих бол сард нэг сая төгрөг улсад төл гэж дарамтлая. Мөнгө байхгүй нь амралтын хоёр өдөр л явна биз. Тэгэхээр хүмүүс машин авахаа больчихно. Машинтай хүмүүс барихаа больчихно.
Ажил хийхгүй байгаа бол татвар төл, тэгээд гэртээ сууж бай гэж болж байна. Ялангуяа эрүүл саруул хөдөлмөрийн насны хүнд дээрх татварыг өндөр тогтоох хэрэгтэй гэх мэт.
-2020 оны сонгуулийг та хэрхэн төсөөлж байна вэ? Ямар хүмүүс гарах бол?
-Улс төрийн намууд дангаар болон эвсээд засгийн газраа байгуулаад, мөрийн хөтөлбөрийн дагуу засгийн газрын үйл ажиллагаагаа боловсруулаад, батлаад мөрдөөд ажилладаг. Тэгэхээр улс төрийн намын тогтолцоог өөрчлөөд эвдэх боломжгүй. Хоёрдугаарт нам биш хүмүүсийг дэмжинэ гэчихээр дандаа бие даагчид сонгогдвол парламентын тогтолцоо гажаад явчихна. Нам бусуудын олонх гэж эвсэл бүрдэх боломжгүй. Хичнээн алт шиг хүмүүс байгаад нэг баг шиг нэгдэж ажил явуулж чадахгүй. Тэгэхээр миний хувьд бие даагчид олноор гараад ирэхгүй байх гэж бодож байна.
Ирэх сонгуульд тэр нам эвсэл ялна гэж үзмэрч шиг хэлж чадахгүй. Монголын нийгэм сонгуулийн дараа орвонгоороо өөрчлөгдөнө гэж хэлж мэдэхгүй. Нөгөө талаар парламент дэндүү олон намаас төлөөлөлтэйгөөр бүрдэх юм бол нэг нам олонх байснаасаа дордоод явчихна гэж урьдчилж харж байна.