Насаараа парламент сонгогдсон хүмүүс одоо болио!
-Өндөг шиг өөгүй хүн гэж байхгүй. Нэг хүнийг олтол хувийн амьдрал руу нь орчихдог. Тухайн хүний амьдралд сайн, муу явдал байгаа шүү дээ. Тэгэхээр яах уу?
-Мэдээж 100 хувь сайн хүн гэж байхгүй. Сонгогдоод явж байтал алдаа гаргаж болно. Бид нарын зүгээс ноён нуруутай, хэлж ярьсан зүйлс, хийсэн бүтээснийг харж байгаад сонгоно. Тэрнээс биш өндөг шиг өөгүй, алдаагүй хүн олдохгүй. Хамгийн гол нь ноён нуруутай, хэлсэн амандаа хүрдэг, эрдэм мэдлэгтэй тийм хүнийг бид нар нэр дэвшүүлнэ. Ийм хүн бол Монголд зөндөө бий. Гэтэл уг хүний жижигхэн өө сэвийг олоод муухай болж харагдуулах байх. Түүнээс биш электорат хөдөлгөөн гайхамшигтай 76 гишүүнийг гаргаж ирээд хоёр намыг бут цохих гээд байгаа асуудал биш тийм боломж байхгүй.
Манай хөдөлгөөний гишүүн Гадаад харилцааны сайд асан Гомбосүрэн гуай “Дор хаяад ноён нуруутай нэг хүнийг гаргаад тэр тойрогт нь электорат хөдөлгөөнийхөн дэмжээд ирэхлээр нөгөө хоёр нам чинь ядаж эмээж эхэлнэ. Электорат хөдөлгөөнийхөн айхтар хүнийг дэмжиж байна лээ шүү хэмээн дор хаяж намуудыг айлгаж, үүнээс улбаалан арай гайгүй нэр дэвшигчийг өрсөлдүүлэх байх. Ядаж иймэрхүү байдлаар нөлөөлөх хэрэгтэй” хэмээн үзсэн.
-Та хэдийн зүгээс нэг хүнийг сонгоод байж байтал тэр хүнийг намдаа элсүүлэх санал тавьбал яах вэ?
-Тэгвэл яах ч арга байхгүй. Ийм асуудал аль ч улс орны намд урвуулах асуудал байгаа шүү дээ. Хэрвээ тэр хүн аль нэгэн намд орсон ч зөв хүн байх хэрэгтэй. Эсрэгээрээ тухайн намд ноён нуруутай, зөв хүн байгаад намаасаа шахагдсан хүн бид нарт хандвал тэр хүнийг шалгуураараа шалгаруулан дэмжинэ. Энэ бол урвалт биш.
-Тэгвэл та хэд өөрсдөө сонгуульд нэр дэвшиж болдоггүй юм уу?
-Аялагч Ганхүүгийн хувьд маш зөв залуу. Манай хөдөлгөөнд ороод явах үед залуучууд уг хөдөлгөөнөөсөө гараад өөрөө сонгуульд нэр дэвш гэсэн санал ирсэн. Сонгуульд нэр дэвших байх. Хөдөлгөөн дотор тийм залуучууд байгаа. Хөдөлгөөний гэрээнд бид нар сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, 2020 оны сонгууль дуусахад хөдөлгөөнөөсөө гарна. Өөрөөр хэлбэл бид нарын дэмжсэн хүн сонгуульд ялбал бид нарт ямар ч хамаагүй болно. Ганхүүгийн хувьд гэрээгээ цуцлаад нэр дэвшвэл бид нар харин дэмжинэ.
-Дуучид, зохиолч, бизнесмен гээд салбар бүрээс хүн УИХ-д сонгогдож байна. Гэтэл парламентын ажлыг мэргэшсэн улс төрч гүйцэтгэх хэрэгтэй гэдэг. Улс төрд яг ямар хүмүүс орох ёстой юм бэ?
-Зарим хүмүүс хэлдэг манай Монгол Улс туулах ёстой замаа туулж байна гэдэг энэ бол үнэн. Гагцхүү энэхүү зам маань богинохон байж байгаад тэр улс төрийн төлөвшилд нь хүрчихээсэй гэж боддог. Улсын хөрөнгийг идэхээ хүрвэл тэрбум төгрөгтэй, нэг ч төгрөгтэй хүн иднэ. Идэхгүйгээ хүрвэл мөнгөтэй ч хүн идэхгүй, нэг төгрөгтэй ч хүн идэхгүй. Энэ ердөө хүндээ л байдаг байхгүй юу. Би түрүүнээс хойш нэг зүйлийг хэлээд байна ноён нуруутай, зөв, мэдлэгтэй хүн бол улсын мөнгөнөөс нэг ч төгрөг идэхгүй.
2020 оны сонгуулиар аль нэг намыг харах биш тухайн дэвшиж байгаа хүнийг хар. Миний хувьд насаараа парламент сонгогдсон хүмүүсийг одоо боль гэж хэлмээр байдаг. Яагаад гэвэл та нар энэ 30 жилд өөрсдийгөө ямар хүн бэ гэдгийг харуулчихсан. Та зөв хүн байж байгаад нам нь буруутай байсан гэж байхгүй. Хамгийн гол нь электорат хөдөлгөөнийхөн ийм зөв хүн байна гэдгийг таниулан дэмжих гэж байгаа асуудал юм. Миний хувьд өөрийгөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй яагаад гэвэл надад ажил, мөрөөдөл байна. Миний хийж байгаа зүйлс хүмүүст хэрэг болдог тул тэр замаараа явна. Харин бид нарын дэвшүүлсэн хүнийг сонгогч нар судалж, мэдэж, сонголтоо зөв хийх хэрэгтэй.