С.Цогтбаяр: Би "ЭЛЕКТОРАТ" хөдөлгөөний дэмжигч болсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 12сар 2024
С.Цогтбаяр: Би "ЭЛЕКТОРАТ" хөдөлгөөний дэмжигч болсон

Улс төрд ЗӨВ хүмүүсийг гаргаж ирэх зорилготой, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн 60 гаруй хүний санаачилгаар "ЭЛЕКТОРАТ" хөдөлгөөн үүсэн байгуулагдаад байгаа билээ. Хоёр ч удаагийн их хурлаа хийсэн тус хөдөлгөөнийг манай LIVETV.MN сайт дэмжиж байгаа. Бид "ЭЛЕКТОРАТ" хөдөлгөөний санаачилагч, дэмжигч гишүүдтэй цуврал ярилцлага хийж эхэллээ

Зочин хөтлөгчөөр аялагч, сэтгүүлч Цоодолын Ган-Өлзий ажиллалаа. 

Ц.Ган-Өлзий "Аяллын тойрог" цуврал нэвтрүүлгийн санаачилагч, хөтлөгч.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарын Цогтбаяр

Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат. 1964 онд Улаанбаатар хотод мэндэлсэн.

Аж байдлын болон улс төр, уянгын болон хүүрнэл хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч. 

Хөгжим сонирхогч, пянз дурлан цуглуулагч. Ном унших дуртай.

"Учиртай инээд", "Төрийн төлөө оготно", "Шог зургууд" зэрэг шог зургийн олон номыг нийтийн хүртээл болгосон.

Зөв хүнийг сонгох “Электорат” хөдөлгөөний дэмжигч. 

 

Яагаад бид сонголтоо буруу хийчихээд дөрвөн жил толгойгоо шааж, сошиалаар хэрэлддэг юм бэ

-Сүүлийн үед таныг "Электорат" хөдөлгөөнд орчихсон явна. Дэмжигч гишүүдийн нэг болжээ гэж ярилцах болж. Яагаад энэ хөдөлгөөнд орох болов?

-Товчхондоо бол олны танил арваад хүн санаачилж "Электорат" хөдөлгөөнийг байгуулсан. Сэхээтнүүдийн төлөөлөл л дөө. Баабар, Цэнддоо гэх мэт миний үзэл бодол нийлдэг хүмүүс. Хүмүүс сэхээтнүүдийг бэртэгчин байна, үгээ хэлэхгүй байна. Хойшоо суугаад чимээгүй байгаад байхаар бусад муу хүмүүс хүчээ авч байна. Та нар идэвхитэй байгаач гэдэг. Үгүй юм аа, бид нийгмийн төлөө хариуцлагаа ухамсарлах үзүүлэлтийн нэг болгож энэхүү Электорат хөдөлгөөнийг санаачилсан гэж би харж байгаа.

-Сэхээтнүүд дуугарсан ч ойлгож хүлээж авах масс ховордож байна. Нийгмийн боловсролын түвшин муу байна. Та нарын эсрэг хоёр том нам, мөнгөтэй улс төрчид байна. "Алтан загасны тархитай ард түмнийг хуурах амархан" гэдэг. Та нар тэдэнтэй яаж үзэх юм бэ?

-Би бол "Электорат" хөдөлгөөнийг намын өрсөлдөөн гэж үзэхгүй байгаа шүү дээ. Энэ бол улс төрийн хүчин, нам биш. Иргэдийн сайн дураараа нэгдсэн хөдөлгөөн. Нам бол өрсөлдөгч биш. Хүмүүсийн зөв сонголтод эрүүл саруулаар нөлөөлье гэсэн л хөдөлгөөн. Сонгуулийн дараа "Электорат" хөдөлгөөн сайн дураараа тарна. Намтай холбох дэмий шүү.

Нэмж хэлэхэд энэ бол намын харьяалалгүй сэхээтнүүдийн төлөөлөл. Мэдээж Монголчууд бид сонголтондоо алдаж байна. Хариуцлагатай биш байна. Алдчихаад 4 жил толгойгоо шааж, сошиалаар хэрэлдэж байна. Тиймээс л сонголт дээрээ яг одоо анхаарч улс төрийн амьдралд нөлөөлж, шийдвэр гаргаж байгаа бүрэлдэхүүнээ л зөв сонгочихвол бидний амьдрал арай дээрдэх юм уу гэж хэлээд байгаа юм.

-Зөв хүнийг сонгоход ямар шалгуур тавих ёстой юм бэ? Эх оронч байх юм уу. Боловсрол өндөр байх ёстой юу?

-"Электорат" хөдөлгөөний үзэл баримтлал гэх юм уу нэг зүйлийг бид бэлдэж байгаа л даа. Энэ өөрөө органикаар хөгжиж байгаа хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст үзэл бодлын зөрүү байна. Үйл ажиллагаа ч тэр тогтноогүй байна. Энэ хөдөлгөөн өөрөө шинэ юм. Урд өмнө нь байгаагүй шинэ үзэгдэл. Миний мэдэхийн хэдэн оны сонгуулиар билээ “Нам бусчуудын эвлэл” ч билүү нэг хөдөлгөөн байсан.

"Электорат" хөдөлгөөнд эргэлзэх хэрэггүй

Түүнтэй адил шинэ тулгар зүйл болохоор бидэнд ч бас бүхнийг шинээр эхлэх зам байгаа. Гэхдээ "Электорат" хөдөлгөөнд эргэлзэх хэрэггүй. Би хүртэл анхны чуулганд нь суугаад итгэл үнэмшил төрсөн л дөө. Надад хүртэл нэр төрийн хэрэг байсан. Энэ их итгэл үнэмшил олон хүнд төрөөсэй. Тэнд ахмадууд, нэртэй дипломатч, Содном гуайгаас эхлүүлээд мундаг улс төрчид гээд 70 гаруй хүн байсан. Муугаасаа илүү сайнаар дурсагддаг хүмүүс. Эрүүл саруул сэтгэлгээтэй, өндөр боловсролтой гэх мэт... "Электорат" хөдөлгөөний санал болгож байгаа хүмүүсийг сонгох чиг баримжаа төрсөн. Хүмүүсийг улс төрд өөрийг нь төлөөлөх сонголтод туслах, эрүүл саруулаар нөлөөлөх л хөдөлгөөн ш дээ. Тэр нэр дэвшигчдийг Монголын сэхээтнүүд батлан дааж байна ш дээ. Аль нэг намын харьяалал гэхээсээ илүү эх орноо гэх үзэлтэй хүмүүсийг санал болгоно. Тулган шаардаагүй.

ТА ДЭЭРХ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХУВИЛБАРААР ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ

 

Өнөөдрийн улс төрийг шог зургаар илэрхийлбэл нэг их овооролдсон, бараан...

-Шог зураач С.Цогтбаярын хамгийн сүүлд зурсан зураг гээд саяхан би харж байлаа л даа. “Унана даа” гэсэн агуулгатай шог зураг байсан. Энэ зургаар та юу илэрхийлэх гэсэн юм бэ?

-"Уунана" гэдэг дуу сүүлийн үед залуучуудад их хүрч байх шиг байна. Би бас хөөрхөн будилсан л даа. Уу на на гэдэг чинь өхөөрдсөн л үг. Унана гэдэг үгтэй адилхан утгатай, бичилт ойр болохоор холбож шоглож болохоор юм шиг санагдсан. Дууны үгийг хэт гуйвуулсан бол дүү нараасаа уучлалт хүсч байна. Гэхдээ зорилго нь сайн зүйл рүү чиглэж байгаа шүү.

Яахав одоогийн улс төрчид ирэх сонгуульд сонгогдоход үнэхээр хүнд болчихож. Миний найз нөхөд ч бий. Жишээ нь ЖДҮ авчихсан хүмүүс их байна. Албан тушаалаа өөрсдөдөө давуу байдлаар ашигласан. Шууд утгаараа эрүүгийн хэрэг үйлдчихсэн хүмүүсийг дахин сонгохгүй л болов уу. Намчирхсан байдлаас болж төрийн чадварлаг байдал алдагдчихсан… гээд бодоод байвал маш олон хасах үзүүлэлт байна. Энэ утгаараа энэ хүмүүс их чанга унах байх. Эдний орон зайг өндөр боловсролтой, ёс зүйтэй, улс төрийн дэмжлэггүй, хүмүүст танигдаагүй хуульч, эдийн засагчид нөхөж ороосой гэж хүсч байна. Тэднийг гаргаж ирэх нь чухал байна. Олох нь чухал байна. Тэгээд тэдгээр хүмүүсийг сонгож, шигшээд, ярилцаад "Электорат"-ийн нэрийн өмнөөс батлан дааж, бие даан нэр дэвшүүлье гэж байгаа юм. Маш олон захиа явуулсан. Олон нэрс ирсэн. Гэтэл бидний “поп” гэдэг улс төрчид нилээн дээгүүр орж ирж байна лээ. Нийгмийн өгөгдөл угаасаа ийм байна.

"Электорат" хөдөлгөөнөөс санал болгож байгаа нэр дэвшигчдийг Монголын сэхээтнүүд батлан дааж байна...

 

"Электорат" хөдөлгөөний батлан дааж нэр дэвшүүлж байгаа хүмүүст тавьж буй нэг гол шалгуур бий. Улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан... том бизнестэй хүмүүсийг бид дэмжихгүй. Нэрсийн жагсаалтаас хасч буй. Эхний ээлжинд бүгдийг нь хэлэлцэхээр хүндрэлтэй юм шиг болохоор нь мэргэжил мэргэжлээр нь шүүж, шигшиж байгаа л даа. Хууль, эдийн засаг, нийгмийн харилцаа, соён гэгээрүүлэх салбарт ажиллаж байгаа хүмүүс… гэх мэтээр нэрсийг нь дэвшүүлж, сонгоод шигшиж байна. Эцсийн мөчид 20-30 шилдэг залуу гараад ирвэл УИХ-ын өнгө аяс нэр хүнд, гаргаж буй шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл болох байх.

-Улс төрийн ашиг хонжоо олохын тулд нэр дэвшигчид олон зүйлийг сонгогчдод амладаг. Энэ тал дээр та хэд “Энэ улс төрчийг битгий сонгоорой, энэ маш муу хүн” гэх мэтээр зарлах уу?

-Эхэндээ бидний тохирсон зарчмын хэдэн зүйл бий. Аль нэг нам хүчний эсрэг ажиллахгүй. Сайн зүйлийг хийхийн тулд аль нэгийг харлуулахгүй. Хүмүүсийн сонголтын эрх учраас чөлөөтэй орхино. Бид өөрсдийн ЗӨВ сонголт дээрээ л илүү сайн ажиллая гэсэн. Ёс зүйн хэм хэмжээгээ барина. Этик арай өөр түвшинд байгаа.

- Та социалист нийгмийн үеэс л нийгмээ шүүмжлээд зурдаг байсан. 30 жилийн өмнө таны зурж байсан зураг, одоогийн зураг хоёрын хооронд хир их ялгаа байна вэ?

-Анхны зураг маань 1982 онд "Үнэн" сонинд гарч байсан. "Тоншуул" дээр биш шүү. 30 биш 40 гаруй жил зурж байна. “Нөөц бололцоо хаана байна?” гээд жижиг дөрвөлжин зураг зурсан. Нэг хүн “Нөөц бололцоо” гэх зүйл дээр зогсчихсон дурандаж байгаа зураг л даа. "Айлаас эрэхээр авдраа ух" гэдэг шиг. Оюутан байхдаа зурж байсан. Төвийн хэвлэлд тэр их цензурыг давж нийтлэгдэнэ гэдэг нэг муу оюутны хувьд том амжилт байсан төдийгүй намайг энэ шог зураг гэдэг зүйл рүү эргэлт буцалтгүй татан оруулсан хэрэг л дээ.

Тэр үеийг одоотой харьцуулна гэвэл мэдээж хувьсгалын шинж чанартай өөрчлөлтүүд гарсан. Нийгэм 180 градус эргэсэн. Хэвлэл мэдээлэл, шүүмж хүртэл өөр болсон. Бүгд шүүмжилж егөөдөж дургүйцлээ илэрхийлж байна шүү дээ. 

-Та намын гишүүн билүү?

-Намд элсээгүй. Уран бүтээлч хүнд дэмий. Тэр үед "Тоншуул" ганцаараа шүүмжилдэг хэвлэл байсан. Хүмүүс ч их уншдаг. Оргил үедээ 150 000 гаруй хэвлэгддэг байлаа. Одоо бүх ХМХ шүүмжилдэг болчихсон үед бид нийтлэлийн бодлогоо гоо зүй, урлаг, арт руу чиглүүлэх байх гэж мөрөөдөж байна. Энэ чиглэл рүү явбал илүү урт удаан настай урлаг болж үлдэх байх.

Би яг одоо өдөр тутамдаа улс төрийн шог зураг зурж байна. Тоймчийн шог зураг... Улс төр нийгмийн амьдрал, өнөөдөр болж буй үйл явдлуудыг шог зургаар тоймлож байна. Уу на на /дуу/ ерөөсөө тийм. Өнөөдөр болж буй трэндийг шог зурагтай холбочихоор залуу хүмүүст илүү таалагддаг. Залуучуудыг нийгмийн идэвхитэй амьдрал, улс төр, шийдвэр гаргах түвшний боловсролыг хаяа бодож байгаасай гэж хүсдэг юм. Улс төрийн сонгууль дөрвөн жилд ганц болж байгаа. Тэр үедээ л зөв сонголт хийх ёстой. Бараг өөрсдөө сонгуулиар очиж саналаа өгөхгүй байж дараа нь дөрвөн жил хараагаад байж болохгүй. Залуучуудын ч хариуцлага шүү дээ...

-Сүүлийн үеийн залуучууд урт юм уншихаа байж, урт кино ч үзэхээ байсан. Таны шог зургийг бол 3-5 секундэд л төвлөрч ойлгочихдог. Улс төрийн шог зургийг маш хүчтэй зэвсэг гэж боддог л доо...

 

Би бусад шиг стрессдэж сэтгэцийн өвчтэй болмооргүй байна

-Та “Хотын соёл”-ын тухай маш олон жил ярьж байгаа. Сая Буянгийн Жагаа “Бид сар луу явах юм уу” гээд ярихад л та зөрүүлээд “Саран дээр агаар байхгүй юм билээ шдээ” гээд зурчихсан байсан. Цаад утгаараа Буянгийн Жагаагийн Пиарыг та хийгээд байгаа юм биш үү?

-Утга нь нүүдэлчдийн араншин бол асуудлаас зугтдаг. Нүүр тулж шийдэлд хүрдэггүй. Тээршаадаг. Надад ч бас тийм араншин цаанаасаа байдаг. Проблем гарахаар унтаад өгдөг... Хөгжихсөн хүмүүс чинь өөр юм байна. Асуудлаа шийдсээр байгаад нийгэм нь өөрөө төгс төгөлдөр болж эхэлж байна. Бид болохоор асуудлаа шийддэггүй. Миний бодлоор тийм хүмүүсийг орк ч юм уу соёлгүй байна гэхээсээ илүү ойлгож хүлээж авах ёстой. 1950-1960 онд тэр хүмүүсийг яаж соёлжуулаад хотын соёлтой болгож байсан тэр л хотын соёлыг эргүүлж авчрах ёстой. Хот хүрээ газар өөр дүрэм байна гэдгийг мэдэхгүй нэгэндээ ойлгуулах ёстой. Гомдоохгүйгээр шоолоод ч юм уу, эелдгээр ч юм уу ойлгуулчих хэрэгтэй.

-Хүнийг соёлжуулна гээд яриад байхаар маш их хугацаа алдаж байгаа юм шиг санагддаг. Та хотод "хүндэрч болно", "хог хаяж болно". "Төлбөрөө л төлчих" гэдэг зарчимд шилжүүлбэл яах бол. Хүн түрийвчтэй нь ярихаар өөр байдаг?

-Тэр бол бүртгэлжсэн, тэрэндээ контрол тавьж чадаж байгаа орнуудын л жишээ. Хотын гудамж бүрт камер тавьж чадахгүй, цагдаа зогсоож чадахгүй болохоор тэр бол нөгөө л хоосон яриа. Монголчуудад соёлын довтолгоо хийж байсан туршлага бий. Хошин өнгө аястай мөртлөө жигтэйхэн гоё ном манай Цэнддоо бичсэн. Бид бага зэрэг ухарсан л болохоос чадахгүй ард түмэн биш л дээ. Манай Э.Бат-Үүлийн үед хот арай л өөр болж байсан. Автобусны карт, 1-р эгнээгээр явж болохгүй гэх мэт нь хүний тархинд орчихсон. Ердөө 2-3 хан жилийн өмнөх өөрчлөлт шүү дээ. Монголчууд чадна. Хийж хэрэгжүүлхийг л хүсэхгүй байна. 

-Буцаад Электорат хөдөлгөөний тухай сэдэв рүүгээ орьё. Өнгөрсөн 30 жилийн хугацааны улс төрчдийн нүүр царайг зурья гэвэл та ямар зураг зурах бол?

-Шог зургийн хэллэгээр бол олон баг магтай, овооролдож шавааралдсан… Залуучуудтай ярихаар янз бүрийн дүр зураг дүрслэх гэж оролддог л доо. Хичээлээр бол 45 минутын талаас жаахан өнгөрөөд л явж байх шиг байна. Хог шаар нь хөвж байна, тунаж байна. Бидэнд физик цаг хугацаа л хэрэгтэй байна.  Улаанбаатар хотын хөгжлийг хар л даа. 1911-1940 он, 1950 он, 1990 оны гээд. Монголчууд өөрсдөө ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт хийсэн гол цаг хугацаа 1990 оны сүүлч 2000 он шүү дээ. Бүхэл бүтэн үе өнгөрсний дараа хүссэн хүсээгүй Монголын цаг өнгө өөр болно... Зарим тохиолдолд бид дэндүү хурдан хөгжөөд ч байгаа юм шиг санагддаг. Би өөрөөрөө л бодоход өмнөх нийгмийн үед хэн байлаа, одоо яаж хөгжиж байна гэх мэтээр төсөөлдөг л дөө. Яахав ээ ололт амжилтаа хаяа харж, өөдрөг байх хэрэгтэй. Бүх юмыг харлуулаад байвал төгс төгөлдөр нийгэм гэж байхгүй болно.

- Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга гэж нэг авгай 1,5 тэрбум төгрөг идчихсэн. Шалгагдаж байна гэх мэдээлэл гарлаа. Тэрний өмнө нь ч маш олон хүний идэж уусан хүмүүсийн жишээ гарсан. Хэсэг хугацааны дараа тэр хүмүүсийн хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм байна гэх мэтээр хэрэг нь замхарчихдаг. Ард иргэдийн бухимдаад байгаа хамгийн гол шалтгаан энэ юм биш үү?

-"Электорат"-тай холбож тайлбарлая. Энэ хүмүүсийг өөр хүмүүсээр л сонгоё. Түүнээс биш “Нийтлэг үйлчилгээний алба” гэдэг нь байж байх ёстой субьект. Хотын дарга, газрын албаны дарга гэх мэт албан тушаал байж хотын иргэдийн төлөө ажиллах ёстой. Албан тушаалийн нэрэнд биш тэнд очиж сууж байгаа, ажиллаж байгаа хүмүүсийг зөв сонгох ёстой. Пиардаж гаргаж ирж байгаа хандлага зөв байх ёстой. Сонгогч өөрөө нийгмийн амьдралдаа идэвхитэй байх ёстой. Хэвлэл мэдээллийн үүрэг ч үүнд маш чухал.

Одоогийн байгаа нам дагасан ёс зүй, моралийн алдагдал л суурь нь болчихоод байна. Үнэт зүйл алдагдсан байна. Япончууд л гэхэд дайны дараах тэр их үхэл хагацлаас ёс зүйгээрээ л гарч ирсэн шүү дээ. Бид хажууд нь маш цамаан байна. Илүүдээд хахаад, бялууртлаа идсэнээсээ болж таргалж, өвчилж байна. Зам нь хахчихсан машинтай. Тэрнээсээ болж стресдэж байна шдээ. Байгалийн гамшиг, үер, гал, дайн байлдаанаас болж стресдээгүй. Яг үнэндээ өнөөгийн энэ зовлон ковлон биш гэж ойлгоод, буяныг нь даачихвал хөгжчих гээд байх юм.

-Та аливаа юмыг их стрессгүй, зөв өнцгөөр ойлгож цагаанаар тайлбарлах юм. Шог зурагтай чинь холбоотой байх?

-Надад амар байдаг юм. Бусад шиг байвал өдийд сэлэм бариад л "Чи Монгол уу Хужаа юу" гээд явж байгаа. Би сэтгэцийн өвчтэй болмооргүй байна ш дээ. Манай Пүрэвбат лам “Буруу харсан нүхэнд суучихаад нарны гэрэл над дээр тусахгүй байна гэж гомдоллодог” гэдэг. Нүхнээсээ гараад суучих л даа. Алтан нар бүхэнд ижил тэгш илчээ хувиарладаг шдээ.

Бурууг өөрөөсөө хайгаасай. Бусдаас битгий хайгаач. Чи өөрөө залхуу, боловсролгүй, бусдыг хүндэлж хайрладаггүй бол хорвоо чамд яг тэгж л хандана. Ийм цөөхөн хүн амтай, ийм өргөн дэлгэр нутагтай, ийм их баялагтай. Тэгсэн хирнээ аль аль нь учраа олохгүй байж болохгүй шүү дээ. Учраа ольё, шийдвэр гаргах түвшинд ЗӨВ хүмүүсийг сонгоё. Энэ бүхнийг төлөө л "Электорат" хөдөлгөөн байгуулагдаад ЗӨВ хүмүүсийг сонгохыг уриалаад байгаа юм. Гэхдээ 2020 онд өргөс авчихсан юм шиг болно гэж бодохгүй байна. Ядаж өвчнийг нь намдаах хэмжээний сонголт хийчихээсэй л гэж бодож байна даа.

Ярилцсанд баярлалаа.