Энэ ангийн сувилагчийг Г.Гэрэлмаа гэдэг 16 жилийн турш бяцхан үрсийг эрүүл энх өсгөж бойжуулахад хувь нэмрээ оруулсан туршлагатай бүсгүй. Түүний ярьснаар ангийнх нь хүүхдүүд хоёр ээлжээр ажилладаг хоёр сувилагч, хоёр асрагч гээд ээж шигээ дассан дөрвөн ажилтныг андахгүй сайн танихаар барахгүй өнөөдөр хэн ээлжинд гарахыг ч төвөггүй хэлдэг байна.
Байнга хамт байдаг болохоор яг л ээж шиг нь болчихдог юм. Өвдвөл хамт өвдөнө.
Хүүхдийн төв сувиллын байнгын асаргаанд байдаг эдгээр хүүхдүүдийг баярлуулах эцэг эх байхгүй ч сувилагч, асрагчдынхаа хамт баярынхаа өдөр бусадтай л адил дуулж хуурдан сурсан мэдсэнээ байгууллагын хамт олонд тайлагнадаг уламжлал тогтжээ.
Г.Гэрэлмаа: Манай анги 15 хүүхэдтэй. Манай хүүхдүүд чийрэгжүүлэлтийн өрөөндөө дасгалаа хийдэг. Зургадугаар сарын 1-ний өдрийг угтаад тэд маань чийрэгжүүлэлтийн өрөөндөө үзүүлэх сургалт хийнэ. Өнгөрсөн хугацаанд мэдсэн сурсан бүхнээ танилцуулж бэлгээ авна, хүүхдэд зориулсан тоглолт үздэг. Хүүхдийн энерги маш хөөрхөн, байнга хамт байдаг болохоор яг л ээж шиг нь болчихдог юм. Өвдвөл хамт өвдөнө. Ажилчдын ээлжийг андахаа больчихсон байдаг. Өнөөдөр Оюука ирнэ, маргааш Ариука ирнэ гээд их сайн мэддэг.
Биднийг очиход хамгийн их сэтгэл өвтгөж, эхийн хайр энэрэл үгүйлэгдэж байгаа мэт санагдсан анги бол тэгээс ой хагас хүртэл настнуудын анги байлаа. Явж ороход хөлд ч орж амжаагүй жаахан нялхас харцаа салгалгүй ширтэж байсан юм. Эх эцэг болсон хэн ч тэднийг тоолгүй өнгөрч чадахааргүй, хэзээ ч тавилгүй тэврээд л баймаар. Энд ирсэн хүүхдүүд эхийн сүү гэж мэдэхгүй тул сүү орлуулагчаар угжих хэрэгтэй болдог. Улсаас төсөв баталдаг ч ердөө нэг сав нь 20 мянган төгрөгөөс дээш үнэтэй байдаг нярайн сүүн тэжээл тэр бүр худалдаж авах боломжгүй учраас хамгийн хэрэгцээтэй зүйл нь юм. Тус байгууллагын сургалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Л.Жаргалмаагийн хэлснээр тусалж дэмжье, сайн үйлс хийе гэсэн хүмүүст нярайн сүүн тэжээл, хүүхдийн живх хамгийн их хэрэгцээтэй байдгаа хэлдэг гэв.
Гэр бүлтэй хүүхдүүдийн ард аав ээж, эмээ өвөө, ах эгч байдаг бол энэ хүүхдүүдийн ард манай байгууллагын эмч, сувилагч, асрагч нар л байдаг.
Бяцхан нярай нараас ялгаагүй байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Энэ ангид найман хүүхэд бий. Гурван нас хүрээд дараагийн шатны асран халамжлах байгууллагад шилжүүлэх ёстой ч авах газар олддоггүйгээс 16 нас хүртлээ эндэхийн асрамжинд байдаг аж. Дараа нь тэд хаачих нь мөн л тодорхой бус.
Л.Жаргалмаа: Манай байгууллагад 0-3 настай хүүхдүүдийг авч торниулдаг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бас ирдэг. Эдгээр хүүхдүүд маань 100 хувь хүний асаргаанд байж миксэрдсэн эрүүл хүнсээр хооллодог. 16 нас хүрсэн хүүхдүүд том хүний асрамжийн газар луу явах ёстой. Гэсэн ч Монгол улсад ийм өсвөр насны гэлтгүй бага насны хүүхдүүдийг авдаг нярайн эмнэлзүйн үйлчилгээтэй газар байдаггүй. Манай байгууллага хүчирхийллийн эсрэг төвтэй хамтран ажилладаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг авах газар байдаггүй тул манайх хүлээж авахаас өөр арга байдаггүй. Нийгмийн архидалт, хүсээгүй жирэмслэлтээс болж хаягдсан, эцэг эх нь нас барсан хүүхдүүд манайд ирдэг. Гэр бүлтэй хүүхдүүдийн ард аав ээж, эмээ өвөө, ах эгч байдаг бол энэ хүүхдүүдийн ард манай байгууллагын эмч, сувилагч, асрагч нар л байдаг.