Японы Эзэн хаан манай компанийн нисдэг тэргийг хэрэглэдэг...
-Airbus компанийнхаа тухай дэлгэрэнгүй яриач. Хэчнээн оронд салбартай, хэдэн хүн ажиллаж байна?
-Манай “Airbus group” нь Хойд Америк, Европ, Африк, Азийн орнуудад нийт 180 салбартай.2016 оны байдлаар 130 үндэстнээс бүрдсэн 133,782 ажилчинтай, Дэлхийн номер нэг нисдэг тэрэгний үйлдвэр. Хэмжээгээрээ дэлхийд хоёрт орох space компани. Дэлхийд Топ-10-т ордог defence компани. 37,000 патент эзэмшдэг. 2017 оны гурван сарын байдлаар дэлхийд манай компанийн 10,344 хүн тээврийн онгоц, 12,000 нисдэг тэрэг нисэж явна. Эйрбас, Боинг хоёр удаан хугацааны турш дэлхийн агаарын тээврийн хөгжлийг хурдтай хөгжүүлсээр байна гэж боддог.
Японы Эзэн хаан манай компанийн нисдэг тэргийг хэрэглэдэг. Япон дахь салбар нь нисдэг тэрэг борлуулахаас гадна засвар үйлчилгээ, нэмэлт тоноглолыг нь хариуцдаг. Монголын нэг компани манай компанийн үйлдвэрлэсэн нисдэг тэргийг худалдаж авсан байсан. Одоо би продакшн инженер хийдэг. Продакшн инженерийн үүрэг нь эвдрэлтэй нисдэг тэрэг орж ирвэл гэмтлийг тодорхойлоод, хэрхэн засварлах талаар заавар бичиж, засварын баг руу шилжүүлдэг.Маркетинг, борлуулалтынхантай уулзаж борлуулах гэж байгаа онгоцныхоо тухай нарийн ширийнийг хэлж өгнө. Худалдан авагчтай уулзаж, зөвлөгөө өгнө.
Airbus-ийн хэрэглэгдэж байгаа нисдэг тэрэгт жил бүр аюулгүй байдлын үзлэг хийж баталгаа гаргаж өгнө. Продакшн инженер хүн олон хүнтэй харьцаж байнга хөдөлгөөнтэй ажилладаг. Намайг Air-bus-т тэнцсэний дараа газар, хэлтэс бүр дээр тус бүр 14 хоногоос нэг cap ажиллуулсан. Ур чадвар нь аль хэлтэст илүү тохирох вэ гэдгийг харж байгаа юм. Би засварын хэлтэст илүү удсан. Ингээд хоёр дахь жилээс миний хүсэлтийг ч асуусан, боловсон хүчний бодлогоороо ч “энэ хүн засварын хэсэгт илүү тохиромжтой юм байна” гэж үзсэн юм шиг байна лээ. Энэ ажил маань надад их тохирдог. Ажлынхан маань намайг их дэмждэг.
-Өдөр тутмын ажлын хуваариа сонирхуулаач?
-07.00 цагт босдог. 08 цагийн үед гэрээс гардаг. Ажил маань гэрээс ойрхон, 15 минутын зайтай. Ажлын цаг 09 цагт эхэлдэг боловч эрт ирэх ёстой. Оройтлоо гэхэд 08:50 гэхэд ажил дээрээ байж байна. Ердийн үед ажил 17:30 цагт дуусдаг. Эхний жилд 22:00 цаг хүргэх үе олон байсан. Одоо бол цагтаа тарахын тулд ажлаа амжуулахыг хичээдэг болсон.
-Япон хүн ер нь ямар ааш араншинтай вэ. Монголчуудын гаргадаг алдаа гэвэл юу вэ?
-Эхний нэг жил надад Япон орон маш их таалагддаг байсан. Идэж байгаа хоол нь хүртэл гоё санагдаад л. Тэгтэл хоёр дахь жилээс яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй хүмүүс шиг санагдаад дургүй болж эхэлсэн. Гурав дахь жилдээ ч нэг их дуртай байгаагүй, үнэнийг хэлэхэд. Харин дөрөв, тав дахь жилээсээ япон хүний ажлын болон харилцааны арга барилыг ойлгодог болсноос хойш татагдах болсон.
Одоо бол би япон арга барилаар ажлаа хийх юмсан гэж хичээдэг. Ер нь япон хэлийг сайн сурч гэмээн япон хүний мөн чанарыг ойлгоно. Япон хэл хүндэтгэлийн үг хэллэг ихтэй, шатлалтай учраас хүндэтгэлийн хэллэгийг их хэрэглэх тусам хөндий, хол мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг нь монголчууд маань ойлгохгүй байх шиг байдаг.
-Хэлний хувьд ийм байж. Сэтгэлгээний хувьд?
-Япончууд тутаргаа суулгахдаа хүртэл нэг эгнээнд зогсож ажилладаг. Нэг нь хоцорно гэдэг нь бусдадаа түвэг удаж байгаа юм. Бусдадаа түвэг удаж байгаа хүнд япончууд дургүй. Шууд хэлэхгүй ч гадуурхах уур амьсгал мэдрэгдэнэ. Япон хүний эрхэмлэдэг зан чанар бол бусдадаа түвэг удахгүй амьдрах.
Би Монголд байхдаа хичээлээсээ их хоцордог байсан. Японд ирээд ч эхний жил хичээлдээ байнга хоцордог байсан. Бид очоод удаагүй, жаахан хүүхдүүд байсан шүү дээ. Гэтэл удалгүй япончууд биднээс зайгаа барьж эхэлсэн. Япончууд бол багаараа ажилладаг. Бүх зүйлд багийг чухалчилдаг.
Япончуудын хамгийн их хэрэглэдэг үг нь "Хичээгээрэй!". Хичээж байгаа хүнд маш дуртай, их дэмждэг. “Хэрэв та нар ингэж харьцаж байгаа бол би ч гэсэн чадна” гэсэн байдлаар холдоод байвал тэр хүнийг ардаа орхиод, нүүрээ буруулаад яваад өгдөг. Будаа тарихтай адил бусдаасаа хоцрох юм бол нийтээсээ хоцорно гэсэн үг. Өөрийн алдааг ухамсарлаад хичээгээд байвал “хамт явж болох хүн байна” гээд цуг явдаг ийм нийгэм байхгүй юу.
Би бол одоо юунаас ч хоцордоггүй. Хоцрохгүй ч гэж их хичээдэг. Япончуудын энэ хандлагыг ойлгоод би хичээлдээ шамдаж эхлэв ээ. Долоо хоног хичээхэд л хүүхдүүдийн зан хандлага шууд эргээд эхэлж байгаа юм. Завсарлагаанаар хичээлээ хийгээд сууж байхад ундаа, шоколад авч өгнө. Миний хажууд сууж байгаа хүүхдүүд надад саад болохгүй гээд хоорондоо юм ярихгүй байх жишээний. Хүнийг бодсон сэтгэлээ япон хүн ингэж чимээгүй илэрхийлдэг. Хажуугаар өнгөрөхдөө нөгөө л үгээ хэлнэ. “Хичээгээрэй!” гэж.
-Ажил дээр гарсны дараа япончуудтай ойлголцохгүй байх тохиолдол хэр их байсан бэ?
-Мэдээж байсан. Гэхдээ би хүнээс зугтах дургүй. Тэр хүн надад хэчнээн муу байлаа ч бид хоёр хамтран ажиллах ёстой. Зарим хүн “Энэ надад дургүй юм чинь” гээд шантраад улам холдоод өгдөг. Би бол бууж өгдөггүй. Хэсэг хугацааны дараа намайг ойлгоод ирэхээрээ надад их сайн болдог. Манай компанид лав надад дургүй хүн байхгүй байх аа /инээв.сур/.