Аливаа бизнесийг эрхлэхэд ачаалал ихтэй ч эрх чөлөө олгодог
UBS телевизийн UBS Music хөгжмийн сувгийн хөтлөгч, редактороор ажлын гараагаа эхэлж байсан бүсгүй өнөөдөр чамгүй бизнес эрхлэгч төдийгүй зөв амьдралын хэв маягийг эрхэмлэгч, маркетер, блогчин, сэтгэлзүйн зөвлөгөөний багш болжээ. Энэ олон ажлыг нэг дор хэрхэн амжуулдгаас нь түүнийг яах аргагүй үеийнхэндээ үлгэр дуурайл болсон манлайлагч залуу бүсгүй гэдгийг харуулна. Хөдөлмөрчөөс гадна чин зоригт бүсгүй маань зүүн Азийн дөрвөн орноор ганцаараа сарын турш аялаад ирсэн туршлагатай. Ганцаараа явах аяллын санаагаа хэрхэн олсон, сарын турш ганцаараа явахад учирсан адал явдлын талаар сонирхолтой яриа дэлгэлээ. Хулан маань жилийн 365 хоногийн 52 долоо хоног бүр эрүүл зөв амьдралын хэв маягт суралцахаар туршилт хийж ном болгон буулгасан нь “A Year to Remember” юм. Ингээд Н.Хулангийн өвөрмөц шинэлэг өөдрөг ертөнц, амьдралын хэв маягтай танилцацгаая.
Монголдоо анхдагч “Gumuda concept Store”-ыг нээж, гурав дахь жилтэйгээ золгож байна. Хулан Gumuda-г хэрхэн бүтээсэн бэ?
Би сэтгүүлч мэргэжилтэй, хамгийн анх UBS MUSIC телевизэд ажилд орсныхоо дараа Gumuda.mn гэсэн домэйн нэр худалдаж аваад блогоо хөтөлж эхэлсэн. Би өөрөө хувцас загварт сонирхолтой. Үүнээс л дэлгүүр нээх санаагаа олж байсан. Гүмүда гэдэг нэрийг зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман дээрээс анх олж хараад “ямар гоё утга учиртай юм бэ” гэж бодож байлаа. Гүмүда бол сарны гэрэлд ургадаг шөнөөр дэлбээлдэг тэнгэрийн ариун цэцэг юм. Манай дэлгүүр төрөлжсөн бус сэдэвчилсэн дэлгүүр гэдгээрээ онцлог. Дэлгүүрийн сэдэв бол “Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв” учраас Монголд үйлдвэрлэсэн гар урлал, хувцас эдлэл хэрэглэл гээд бүх зүйлийг худалдааж болдог. Энэ дөрөвдүгээр сард гурван жилийн ойгоо угтаж байна. Яг одоогоор 25 дизайнер, байгууллагатай хамтран ажиллаж байна.
Гүмүда дэлгүүрт хамгийн их зарагддаг бараа гэвэл?
Би дэлгүүртээ ажиллаж эхэлснээс хойш нэг зүйлийг маш сайн анзаарсан. Манайхан хүнд бэлэг өгөх их дуртай юм билээ. Эрчүүд улирлын чанартай хааяахан хэн нэгэнд зориулж бэлэг худалдаж авдаг бол эмэгтэйчүүд байнга бэлэг авч байгаа харагддаг. Тиймээс хамгийн их зарагдаж байгаа бараа бол эрэгтэй хүний хувцас, бугуйвч, зангиа байдаг. Гэхдээ эрчүүд өөрсдөө тэдгээрийг авдаггүй, эмэгтэйчүүд тэдэнд зориулж худалдаж авдаг.
Олон залуус шинэ санаа сэдэж, хувьдаа гарааны болон жижиг дунд бизнес эхлүүлэх хүсэлтэй болж. Хувийн бизнес эрхлэхийн давуу тал юу юм бэ?
Миний хийж байгаа ажил стартап гэхээсээ илүү уламжлалт арга барилаар явж байгаа гэж ойлгож болно. Гарааны бизнесийг бодоход харьцангуй нээгдээд удаж байна. Хувьдаа ямар нэг бизнес эрхэлнэ гэдэг ачаалалтай байдаг ч нөгөө талаар эрх чөлөө болж өгдөг. Учир нь өөрийнхөө ажлыг өөрийн дураар хийж, амжилтад хүрвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг.
“Gamma State”-д Хуланг ажилладаг гэж мэднэ?
Гарааны бизнес эхэлж байгаа хүмүүс албан газар түрээсэлж, үнэтэй ширээ сандал худалдаж авах тэр бүр амар байдаггүй. Тиймээс “M Space”-ийн хамтын албан газарт бойжиж буй стартапуудын нэг бол “Gamma State” юм. Энэ бол эрүүл зөв амьдрах хэв маяг, технологийг нэвтрүүлэх компани. Бид зөв дадал зуршлыг хүмүүст санал болгосноор амьдралыг нь өөрчлөхийг зорьдог. Би энд амьдралын хэв маяг судалж, өөрийн зүгээс мэдээлэл хуваалцдаг.
Өдөр тутамдаа хамгийн их ашиглаж байгаа технологи гэвэл ухаалаг бугуйн цаг
Одоогоор миний өдөр тутамдаа хамгийн их ашиглаж байгаа технологи гэвэл ухаалаг бугуйн цаг байна. Цагныхаа тусламжтай би өдөрт хэр алхаж идэвхтэй хөдөлгөөн хийж байна, хэр хэмжээний калори шатааж байгаагаа мэдэж авдаг.
Гүмүдагийн үйл ажиллагаа цаашид хэрхэн өргөжих бол?
Гүмүда цаашид үйл ажиллагаагаа явуулсаар байх болно. Гэхдээ би одоо байгаа өнгө төрх, хэв маягийг цаашид хадгалж авч үлдэхийг илүү хүсч байгаа. Өөрчилж эсвэл хэтэрхий том болоосой гэж боддоггүй. Энэ хэвээрээ Монголын залуу дизайнеруудын бүтээлийг олонд таниулдаг байгаасай гэж хүсч байна.