Паратаеквондогийн дэлхийн таван удаагийн аварга, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Болор-Эрдэнэ Манчестерийн гран при тэмцээнд амжилттай тулалдан хүрэл медаль хүртлээ.
Англи улсын Манчестер хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд олимпын таеквондогийн Манчестерийн гран при тэмцээн зохион байгуулагдаж байна. Дэлхийн чансааны эхний 16 тамирчин өрсөлдөх эрхтэй, чансаа өндөр гран при тэмцээнд манай хоёр тамирчин өрсөлдлөө. Тодруулбал Манчестерийн гран при тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар хүч сорин өрсөлдсөн бол шүүгчээр олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар ажиллаж байна.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Паратаеквондогийн гран при тэмцээн зохион байгуулагдаж К44 ангиллын эрэгтэйчүүдийн -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Тэрээр гран при ангиллын тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж буй нь энэ бөгөөд энэ оны зургаадугаар сард Болгар улсад зохион байгуулагдсан анхны гран при тэмцээнд мөн хүрэл медаль хүртэж байсныг бид өмнө нь мэдээлсэн.
ОУХМ Г.Болор-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнд ранкын 3-т эрэмбэлэгдэн оролцсон бөгөөд эхний тойрогт Доминиканы тамирчныг 28:13 харьцаагаар буулган авч улмаар хагас шигшээ тулаанд "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт Туркын Махмут Бозтекед ялагдан хүрэл медаль хүртсэн юм.