Болгар улсын Софи хотноо паратаеквондогийн дэлхийн гран при тэмцээн зохион байгуулагдлаа.
Дэлхийн чансааны эхний 16 тамирчин өрсөлдөх эрхтэй, чансаа өндөр Софи гран при тэмцээнд манай улсаас паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, П.Тэмүүжин нарын удирдлага дор дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ, дэлхийн аварга Х.Энхтуяа, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Б.Шинэбаяр, О.Энхтүвшинзаяа нар өрсөлдлөө.
Эмэгтэйчүүдийн -47кг жинд дэлхийн аварга Х.Энхтуяа урамтай сайхан тулаануудыг үзүүлж шигшээ тоглолтод "Токио-2020" паралимпын наадмын хүрэл, дэлхийн аварга Тайландын Х.Пуанзичатай эн тэнцүүхэн тулалдаж нэмэлт цагт ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
Дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тулаанд өрсөлдөгчөө техникийн илт давуугаар буулган авсан ч мөнгөн медалийн төлөөх тулаанд "Токио-2020" паралимпын наадмын хүрэл медальт Туркийн М.Бозтекед ялагдсанаар хүрэл медалийн эзэн боллоо.
Ташрамд сонирхуулахад "Токио-2020" паралимпын наадмын медалийн төлөөх тулаанд манай тамирчид дээрх өрсөлдөгчдөд ялагдан медалийн оосроос атгаад алдсан байдаг.
Эрэгтэйчүүдийн -70кг жинд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Б.Шинэбаяр Серби, Туркын таеквондочдыг илүүрхэн ялж хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний үеэр Монгол улсаас Болгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Саянаа монгол тамирчдаа дэмжихийн сацуу шагнал гардуулсан байна.
Mundag bag tamirchiddaa amjilt husie.