Бөхийн төрлүүдийн 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл эхэллээ.
Грек улсын Афин хотноо зохион байгуулагдаж буй ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав буюу нийт зургаан залуу бөх оролцож байгаа ба эхний өдөр манай хоёр бөх хүч үзлээ.
Эмэгтэйчүүдийн -73кг жинд 2024 оны 17 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ц.Уранзаяа шөвгийн 16-д энэ оны 17 хүртэлх насны Пан-Америкийн аварга АНУ-ын Элла Жо Поалиллод ялагдлаа. АНУ-ын бөх Элла Жо Поалилло хагас шигшээ барилдаанд Энэтхэгийн шилдэг бөх К.Кажалд ялагдсанаар Ц.Уранзаяа дагаж барилдах боломжгүй боллоо.
Тэгвэл -65кг жинд хүч үзсэн Э.Анужин шөвгийн 16-д энэ оны 17 хүртэлх насны Европын аваргын хүрэл медальт Туркийн Киемет Румесаг цэвэр яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө Ази тивийн аваргын гурван алтан медальт Энэтхэгийн Ашвини Вишноид ялагдлаа. Манай бөхийг ялсан Энэтхэгийн бөх цааш финалд шалгарсан тул Э.Анужин өнөөдөр /долоодугаар сарын 31/ дагах барилдаан хийх улмаар медалийн төлөө хүч үзэх боломжтой.
Мөн түүнчлэн өнөөдөр эмэгтэйчүүдийн -69кг жинд А.Гэрэлтуяа хүч үзэх ба шөвгийн 16-д энэ оны 17 хүртэлх насны Пан-Америкийн аварга АНУ-ын Кассандра Марие Гонзалестай хүч үзэх оноолттой байна.
Өнөөдөр дагах барилдаан Улаанбаатарын цагаар 15:30 цагт эхлэх бол үндсэн хэсгийн барилдаан 18:30 цагт эхлэх хуваарьтай байна.