Өнгөрөгч лхагва гарагт орон нутгийн цагаар (АНУ, Вашингтон) 21:00 цагт иргэний нисэхийн Американ Ийгл 5342 дугаар бүхий онгоц, АНУ-ын зэвсэгт хүчний Сикорский Н-60 нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж сүйрсэн байна.
Иргэний зорчигч тээврийн онгоцонд 60 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн байсан бол сургалтын зориулалт бүхий нисдэг тэрэгт гурван албан хаагч явсан талаар мэдээлэл гараад байгаа ба тус ослоос нэг ч хүн амьд гараагүй байна. Онгоцууд Потомак голд живсэн байдалтай байгаа ба одоогийн байдлаар 41 хүний цогцсыг уснаас гаргаад байна.
Хохирогчдын дунд Орос болон АНУ-ын шилдэг уран гулгагчид явсан байна. Тэд АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнээс буцаж явсан байна. Уран гулгалтын тамирчин, дасгалжуулагчдын дунд 1994 оны уран гулгалтын дэлхийн аварга Евгения Шишкова, Вадим Наумов нар, нэрт уран гулгагч Инна Волянская нарын АНУ-ын уран гулгалтын шигшээ багт хүчин зүтгэж байсан Орос мэргэжилтнүүд байлаа. Мөн түүнчлэн АНУ-ын уран гулгалтын ирээдүй хэмээн нэрлэгдэж байсан С.Лэйн, Ж.Хан, Э.Жоу, эгч дүү Эверли болон Лидия Ливингстон, Ф.Апарисио, Ш.Кэй, А.Янг нар мөн амь насаа алджээ.
Онгоцны ослоор нас барсан уран гулгалтын гэр бүлийн гишүүд болон бусд бүх хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд Олон улсын олимпын хороо болон олон улсын уран гулгалтын холбооноос эмгэнэл илэрхийлсэн байна.