Олон улсын Олимпын Хорооны (ОУОХ) чуулган өнөөдөр болж, "Лос-Анжелес-2028" олимпын наадмын спортын төрлүүдийг хэлэлцэн баталлаа.
Энэ удаад таеквондогийн спортыг онцлон найм дахь удаагаа дараалан хүн төрөлхтний баяр цэнгэл, олимпын наадмын чимэг болохоор сонгогдож байгааг дурдлаа. Бээжинд болсон ОУОХ-ны чуулганы үеэр нийт 28 спортын төрлийг сонгон баталсан байна.
Энэхүү мэдэгдлийн дараа Дэлхийн таеквондогийн ерөнхийлөгч Чунгвон Чоу хэлэхдээ:
“Лос Анжелесийн Олимпын наадамд дэлхийн шилдэг таеквондогийн тамирчдыг хэрхэн өрсөлдөхийг дахин харах завшаан тохиолдож буйд бид баяртай байна. Таеквондо нь 2000 оны Сиднейд болсон олимпд анх орсноосоо хойш хамгийн сонирхолтой, хамгийн шударга шүүлттэй спортын нэг болоод байна. Бид таеквондог зөвхөн хамгийн эрч хүчтэй, сэтгэл татам спорт төдийгүй нийгмийн сайн сайханд нэмэр оруулах үнэт зүйлсийг сурталчилж, төлөвшүүлэхийн төлөө байна”
Таеквондогийн спорт олимпын гараагаа эхэлснээс хойш тус спортыг илүү шударга, ил тод, илүү сонирхолтой болгохын тулд шинэчлэл, өөрчлөлтийг тасралтгүй хийсээр байна. Лондон 2012 олимпын наадмаас эхлэн онооны системд өөрчлөлт оруулж электрон хамгаалалт + онооны систем нэвтрүүлсэн нь Таеквондогийн шинэ эрин үеийг эхлүүлж, энэхүү спортыг хамгийн шударга шүүлттэй спортын нэгээр тооцох эхлэл тавигдсан юм. Хамгийн сүүлд Токио-2020 олимпын наадамд технологийн дэвшил, 4D видео шүүлтийн систем ашиглах болсон нь тамирчид, үзэгчдийн таашаалд нийцсэн явдал байлаа.
Мөн "Токио-2020" Паралимпын наадамд анх удаагаа оролцсон Пара Таеквондогийн төрөл мөн л үзэгчдийн таашаалд нийцсэн тул Олон улсын паралимпийн хороо (IPC) Парис-2024 паралимын наадамд оролцох жинг нэмэгдүүлсэн байна.
Энэ ташрамд өдрөөс өдөрт амжилт нь өсөж, дэлхийд нэрээ дуурсгах болсон монголын мянга мянган таеквондочдодоо амжилтын дээдийг хүсэн ерөөе.