“Мюнхен-1972” олимпийн наадмын алт, “Монреаль-1976”-гийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт, 1969 оны Европын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн залуучуудын (1999-2001 он) олон улсын тэмцээн энэ сарын 8-10-нд ОХУ-ын Сахад боллоо. Манай сайт гурван өдрийн турш уг тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн билээ.
Долоо дахь удаагийн тэмцээнд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага манай улсын 10 тамирчин оролцсон бөгөөд 74 кг жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Б.Бат-Эрдэнэ мөнгө, 86 кг жинд Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Э.Батмагнай, 61 кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Эрдэнэбатын Төгсжаргал, 70 кг жинд Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Энхбаярын Бямбадорж нар хүрэл медалийн эзэн боллоо. Ийнхүү манай бөхчүүд Якутад нэг мөнгө, гурван хүрэл, нийт дөрвөн медаль хүртсэн амжилттай өндөрлүүлэв.
Э.Төгсжаргал хүрэл медалийн төлөө АНУ-ын Габриэл Таггийг 14:10-аар ялсан барилдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Медаль хүртсэн манай дөрвөн бөхөөс гурав нь (Э.Төгсжаргалаас бусад нь) тэндээ үлдэж үндэсний шигшээ багийн тамирчидтайгаа нэгдэж, ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд тус хотод болох Дэлхийн цомын тэмцээнд хүч үзнэ.