Өнгөрөгч 2018 онд Индонези улсын нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдсан Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон бүх өрсөлдөгчдөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ. Гэвч азийн наадмын дараа дэлхийн аварга, МУГТ П.Орхоноос сэргээш илэрч “Жакарта-2018”-аас хүртсэн алтан медалиа хураалгасан юм. Манай тамирчин түүнээс хойш өдийг хүртэл ямар нэгэн тэмцээнд оролцолгүйгээр дэлхийн бөхийн холбооны эцсийн шийдийг хүлээж байсан билээ. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) удтал хэлэлцсэний эцэст түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сар хүртэл хасах шийдвэр гаргажээ. Ингэснээр П.Орхон энэ жил болон 2021 оны ДАШТ, “Токио-2020” олимпод оролцох боломжгүй боллоо. Мөн монголын чөлөөт бөхийн холбоог 20.000 Швейцар франкаар торгох шийдвэр гарсан байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шийдвэрийн эх сурвалжийг энд дарж үзнэ үү.
П.Орхон нь Алдар спорт хороо Аваргууд академийн бөх бөгөөд энэ жил 26 настай, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.
МУГТ П.Орхон олимпийн дөрөв, дэлхийн арван удаагийн аварга 2003 оноос 2016 хүртэл нэг ч ялагдаж үзээгүй байсан Японы домогт аварга Каори Ичог цэвэр ялсан барилдааны бичлэгийг толилуулж байна.