Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрөгч 2021 онд олимп, ДАШТ-ий медальтан төрүүлж түүхт 60 жилийн ойгоороо бахдам амжилттай байлаа.
Тодруулбал: "Токио-2020" олимпын наадмаас ОУХМ Б.Болортуяад хүрэл медаль, "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ОУХМ Т.Тулга, М.Лхагвагэрэл, Б.Шоовдор, Э.Даваачимэг, Э.Гантуяа, Д.Отгонжаргал нар тус бүр хүрэл медаль, 23 хүртэлх насны ДАШТ-ээс ОУХМ Н.Наранхүү, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль, залуучуудын ДАШТ-ээс Б.Энхзул мөнгө, М.Мөнхгэрэл хүрэл медаль тус тус хүртсэн билээ.
Монголын чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нээс 14-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдах бол олон улсын дараах томоохон тэмцээнүүд бөхийн спорт сонирхогчдыг хүлээж байна.
- Нэгдүгээр сарын 26-30-нд ОХУ-ын Красноярск хотноо Иван Ярыгыний нэрэмжит гран при
- Дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол улсын Улаанбаатар хотноо насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Зургаадугаар сарын 19-26-нд Саудын Арабт 17, 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Долоодугаар сарын 25-31-нд Итали улсын Ром хотноо 17 хүртэлх насны ДАШТ
- Наймдугаар сарын 15-21-нд Болгарын Софи хотноо 20 хүртэлх насны ДАШТ
- Есдүгээр сарын 10-18-нд Сербийн Белград хотноо насанд хүрэгчдийн ДАШТ
- Есдүгээр сарын 21-24-нд БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадам
- 10 дугаар сарын 17-23-нд Испани улсад 23 хүртэлх насны ДАШТ