Волейболын дэлхийн шилдэг багуудыг цувралаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч олимпийн гурав, дэлхийн гурван удаагийн аварга Бразилын шигшээ багийн тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Харин өнөөдөр дэлхийн чансааг 391 оноотойгоор тэргүүлж буй БНХАУ-ын эмэгтэй шигшээ багийг танилцуулахаар бэлтгэлээ. Хятадын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ багийн амжилтын түүх 1981 оноос эхлэлтэй. Тэд 1981 оны дэлхийн цомын тэмцээнд түрүүлснээсээ хойш волейболын ертөнцөд шилдгийн шилдгээр нэрлэгдсээр байна. БНХАУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн гаргасан амжилтуудыг товчилбол:
Олимпийн наадамд:
- Гурван алт /1984, 2004, 2016/, мөнгөн медаль /1996 оны Атлантагийн олимп/, хоёр хүрэл медаль /1988, 2008/
ДАШТ:
- Хоёр алт /1982, 1986/, гурван мөнгө /1990, 1998, 2014/, 2018 онд хүрэл медаль
Дэлхийн цом:
- Таван алт /1981, 1985, 2003, 2015, 2019/, 1991 онд мөнгө, гурван хүрэл /1989, 1995, 2011/
Спортын олон төрлөөр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын хувьд багийн спортоор хамгийн топ амжилтыг үзүүлсэн нь волейболын эмэгтэй шигшээ баг нь юм. Тэр ч утгаараа бүх хятадын оны шилдэг багаар 2011, 2014, 2015, 2016 онуудад Волейболын эмэгтэй шигшээ баг нь шалгарсан байдаг.
БНХАУ-ын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн нэг онцлог нь баг нь амжилт сайтай байгаа эсэхээс үл хамааран багийн ахлах дасгалжуулагчаа байнга сольдог байна. Харин одоогийн дасгалжуулагч Лан Пин 2013 оноос хойш багаа удирдаж буй нь чухамдаа урт удаан хугацаанд багаа удирдаж буй ховор тохиолдол юм. Тэрээр өөрөө эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин байсан ба 1984 оны олимпийн наадам болон 1982 онд дэлхийн аварга, 1981, 1985 онуудад дэлхийн цомд түрүүлэхэд багтаа хүчин зүтгэж байсан нэгэн юм.