Жүдо бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн Бакугийн их дуулга тэмцээн хоёр хоногийн дараа эхэлнэ. Уг тэмцээнд дэлхийн шилдгүүд хуран цуглах ба одоогийн байдлаар 57 орны 449 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. Бакугийн их дуулга тэмцээнд оролцох дэлхийн чансааг тэргүүлэгчдийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрөв нийт 14 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгсөн ба дөрвөн жинд хос тамирчнаа илгээх юм.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд нийт 41 тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн байгаа нь энэ жинд гал гарсан барилдаанууд гарахыг илтгэж буй хэрэг бизээ. Манай улсаас энэ жинд Ё.Басхүү, Д.Төмөрхүлэг нар барилдах ба уг жинг Израйлын Шмайлов Баруч болон Фликер Тал нар тэргүүлэн барилдахаар болжээ. Мөн түүнчлэн дэлхийн аваргын алт, мөнгө, дөрвөн хүрэл медальт домогт Жоржи Зантария аварга барилдах мэдүүлгээ өгсөн байна.
Д.Төмөрхүлэгийн хувьд Ж.Зантария аваргатай өмнө нь гурван удаа барилдан хоёр ялагдаж, нэг ялж байсан. Хамгийн сүүлд хоёр бөх 2015 онд Парисын их дуулгын финалд учраа таарахад Д.Төмөрхүлэг Ж.Зантарияг ялж алтан медаль хүртэж байсан түүхтэй.
Д.Төмөрхүлэгийн хувьд дэлхийн аваргын хүрэл медальт Фликер Талтай таван удаа учраа тааран гурван удаа ялж байсан байна. Харин Ё.Басхүүгийн хувьд энэ оны эхэнд Фликер Талтай анх удаа учраа тааран барилдахдаа ялж байсан юм.
Д.Төмөрхүлэгийн шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг толилуулж байна.