Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхлэнэ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцох юм. Монгол тамирчдын мэдүүлэгтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр манай шилдэг долоон жүдоч татамид гарах юм.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд Дэлхийн аваргын алт, хүрэл медаль МУГТ Г.Болдбаатар D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийг Г.Хэрлэн тэрүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Киргизийн Ертур Турдубаевтэй барилдах оноолттой байгаа бол уг жингийн D хэгсийг Д.Алтансүх тэргүүлэх тул эхний тойрогт мөн гоц мөргөсөн байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жинг дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн бол уг жингийн D хэсэгт Б.Ойдовчимэд эхний тойрогт Польшийн Эва Кониецнитэй барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Словак улсын Нарекс Петратай барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн В хэсэгт Б.Алтанцэцэг эхний тойрогт Израйлийн жүдоч Маяан Грийнбэргтэй барилдах оноолттой байна.
Тбилисийн гран при тэмцээнийг манай www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор гурав хоногийн турш шууд дамжуулан үзүүлэх ба монгол тамирчнаа барилдах бүрийд нь шуурхай мэдээлж байх болно. Тэмцээний хуваарийг үзэхийг хүсвэл энд дарна уу.