Шайбтай хоккей сонирхогчдыг хэдэн шөнө нойргүй хонуулсан "Дөрвөн үндэстний халз учраа" тэмцээн Канадын ялалтаар өндөрлөлөө.
NHL буюу үндэсний хоккейн лигийн тоглогчдоос бүрдсэн АНУ, Канад, Швед, Финландын багуудын дунд "4 Nations face off" буюу "Дөрвөн үндэстний халз учраа" тэмцээн энэ сарын 12-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 2025 оны үндэсний хоккейн лигийн бүх оддын тоглолтын оронд зохион байгуулагдсан тус тэмцээн "халуухан" болж өндөрлөлөө. Багууд тойргийн журмаар тоглосны дараа хамгийн өндөр оноотой хоёр баг аваргын төлөө халз үзэх форматаар зохион байгуулагдсан ба тойргийн тоглолт өгөө, аваатай тун сонирхолтой болж өнгөрсөн юм.
Тодруулбал тоглолтын салхийг Канадын баг нээж Шведийг нэмэлт цагт хожсон бол АНУ-ын баг Канадыг 3:1 харьцаагаар буулган авсан ч Швед 2:1 харьцаагаар хожигдсон юм. Ийнхүү хэсгийг хоёр хожилтойгоор АНУ-ын баг тэргүүлсэн бол Канадын баг Швед, Финландыг буулган авч хоёрдугаар байраар шалгарч финалд үлдсэн юм.
Финалын тоглолт үзэгчдийн хүсэн хүлээсний дагуу явагдаж нэмэлт цагт Канадын баг 3:2 харьцаагаар АНУ-ын багийг буулган авлаа.
Тэмцээний онооны лидерээр үндэсний хоккейн лигийн Columbus Blue Jackets багийн тамирчин Зак Веренски (АНУ) шалгарсан бол үнэ цэнтэй тоглогчоор Colorado Avalanche багийн тамирчин Натан МакКиннон (Канад) шалгарлаа.