Мэргэжлийн снукер биллиардын шилдэг 32 тамирчин өрсөлддөг дэлхийн гран при тэмцээн өрсөлдөөн ихтэй үргэлжлэн явагдаж байна.
Энэ сарын 13-19-ний өдрүүдэд Англи улсын Ковентри хотноо зохион байгуулагдаж буй мэргэжлийн снукер биллиардын дэлхийн гран при тэмцээнд зургаан удаагийн дэлхийн аварга домогт Ронни О Сулливан, дөрвөн удаагийн дэлхийн аварга Жон Хиггинс зэрэг шилдгүүд өрсөлдлөө.
Шөвгийн дөрөвт таамгийн дагуу дэлхийн аваргууд болох Ронни О Сулливан, Нейл Робертсон, Марк Селби, Стуарт Бингхам нар тунан үлдсэн ба урьд шөнө Нейл Робертсон 6:3 харьцаагаар Марк Селбиг буулган авч финалд шалгарлаа. Хуваарийн дагуу өнөөдөр Стуарт Бингхам болон Ронни О Сулливан нар тоглоно.
2015 оноос хойш зохион байгуулагдах болсон тус тэмцээнд Жадд Трамп аварга хамгийн олон удаа буюу 2015, 2019, 2020 онуудад түрүүлж байсан түүхтэй.