Өнгөрөгч амралтын өдрүүдэд (тавдугаар сарын 1-2) Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа.
Хэдийгээр өндөр чансаатай тамирчид төдийлөн оролцоогүй ч 32 орны 471 жүдоч оролцсон томоохон тэмцээн боллоо. Медалийн чанараар Итали улсын баг, тамирчид гурван алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Испани улсын баг хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удааллаа. Жүдо бөх сонирхогчдодоо тус тэмцээний эхний өдрийн финалын барилдаануудыг бүрэн эхээр нь толилуулж байна.
Тэгвэл хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-ын Казан хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн Казаны их дуулга тэмцээн жүдо бөх сонирхогчдын анхаарлын төвд байна. Токио-2020 олимпын наадмын өмнө зохион байгуулагдах хамгийн сүүлчийн их дуулга тэмцээнд урьдчилсан байдлаар 83 орны 420 гаруй жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.