Жүдо бөхийн энэ оны эхний их дуулга тэмцээн хэдхэн хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдана.
Израиль улсын Тел Авив хотноо өмнө нь гран при ангиллаар зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс их дуулга ангилалд шилжсэн юм. "Тел Авив 2021" их дуулга тэмцээн хуваарийн дагуу энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба одоогийн байдлаар таван тивийн 71 орны 480 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Урьдчилсан мэдүүлгээс харвал тэмцээнийг зохион байгуулагч орон болох Израиль улсаас хамгийн олон тамирчин буюу 38 тамирчин оролцох бол ОХУ-аас 25 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Харин Монгол улсаас дэлхийн аварга Саейд Моллай эрэгтэйчүүдийн -81кг жинд ганцаараа зодоглох мэдүүлгээ өгчээ. Түүний жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Белгийн К.Маттиас, олимпийн аварга ОХУ-ын Х.Халмурзаев, дэлхийн аварга Израилийн М.Саги зэрэг дэлхийн шилдгүүд бүхий нийт 46 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаа юм.