Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, "Жи Мобайл" компанийн тамирчин МУГТ М.Уранцэцэг Олимп, Паралимпийн наадмын албан ёсны ивээн тэтгэгч Visa International байгууллагын "Team Visa" багийн тамирчнаар сонгогдлоо.
Энэ нь Монгол улсаас "Team Visa" багийн тамирчин сонгогдож буй анхны тохиолдол бөгөөд олон улсын Visa International байгууллагаас МУГТ М.Уранцэцэгийг "Токио 2020" олимпийн их наадамд оролцоход нь дэмжин ажиллах юм. Visa International байгууллагын "Team Visa" хөтөлбөр нь Олимп, Паралимпийн дэлхийд нэрээ дуурсгаж буй шилдэг тамирчдыг гишүүнээр урин элсүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 30 спортын төрлөөс орон орны шилдэг тамирчдыг сонгон "Team Visa" багийн гишүүнээрээ сонгоод байна.
Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болж МУГТ М.Уранцэцэг нь "Team Visa" багийн тамирчин болж буйг Visa International байгууллагын Монгол болон БНСУ-ыг хариуцсан захирал, ноён Патрик Юүн зарлалаа.
МУГТ М.Уранцэцэгтээ амжилтын дээдийг хүсэн ерөөж байна.