Марроко улсын Марракеш хотноо жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20 өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 81 орны 517 жүдоч оролцож байгаа ба манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй найм, нийт 15 жүдоч зодоглоно. Тэмцээнийг зохион байгуулагч Марроко улс хамгийн олон буюу 25 жүдоч сойж байгаа бол Япон, Бразил, ОХУ тус бүр 18 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаануудыг явагдах ба манай улсаас Л.Сосорбарам тэргүүтэй таван жүдоч барилдах хуваарьтай байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -60кг
Энэ жинд манай хоёр жүдо ч барилдах ба А хэсгийн эхний тойрогт өсвөрийн Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Сүхбат Иорданы бөхтэй барилдах бол D хэсэгт Залуучуудын олимпийн мөнгөн медальт Г.Тэмүүжин Канадын бөхтэй учраа таарсан байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -66кг:
Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аварга Б.Нармандах эхний тойрогт Их Британийн бөхтэй учраа таарсан байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -48кг:
Өсвөрийн дэлхийн аваргын мөнгө, ази тивийн аваргын хүрэл медальт Б.Ойдовчимэд эхний тойрогт Эквадорын бөхтэй учраа таарсан байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -52кг:
Залуучуудын Олимпийн мөнгө, өсвөрийн ази тивийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Дюселдорфийн их дуулга тэмцээний мөнгөн медальт Л.Сосорбарам эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Германы бөхтэй барилдах оноолт гарчээ.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
- 16:00 цагт: Жин бүрийн урьдчилсан барилдаан
- 23:00 цагт: Шигшээ барилдаан
Энэ удаагийн ДАШТ нь ганцаарчилсан болон холимог багийн төрлөөр зохион байгуулагдана.