Маррокко улсын Марракеш хотноо жүдо бөхийн ахмадын буюу Гранд Мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж дууслаа.
Дэлхийн 49 орны 1183 ахмад жүдочид өрсөлдсөн энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурав буюу нийт 10 ахмад жүдоч хүч үзсэн юм.
Дөрөв хоногийн турш үргэлжлэн явагдсан жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есөн насны ангиллаар тус бүр 14 жингээр өрсөлдөж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон жүдочдын бүрэлдэхүүнтэй оролцсон Франц улсын баг, тамирчид 22 алт, 24 мөнгө, 47 хүрэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүллээ. Харин манай улсын хувьд тэмцээний сүүлийн өдөр нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал:
- Эмэгтэйчүүдийн F4 буюу 45-49 насны ангилалд ахмадын дэлхийн аваргын хошой аварга ОУХМ Л.Баярмаа +78кг жинд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо.
- Эмэгтэйчүүдийн F6 буюу 55-59 насны ангилалд Б.Алтансувд мөн +78кг жинд мөнгөн медаль хүртлээ.
- Эрэгтэйчүүдийн M2 буюу 35-39 насны ангиллын -90кг жинд Ч.Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртсэн байна.
Энэ сарын 16-19 өдрүүдэд Марроко улсын Марракеш хотноо жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах ба урьдчилсан байдлаар 88 орны 558 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байна. Өнгөрсөн оны залуучуудын дэлхийн аваргаар медаль хүртэж чадаагүй манай залуучууд энэ жил Марокко улсын тэнгэрт төрийн дууллаа олонтаа эгшиглүүлэхийг ерөөл өргөе. Өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг Иппон ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.