Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хотноо наймдугаар сарын 25 өдрөөс есдүгээр сарын 1-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
63 жилийн өмнө анх Япон улсын Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байсан бол энэ жил Япон улсад зургаа дахь удаагаа, Токио хотноо дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн хугацаанд Япон улсын тамирчид дэлхийн аваргаас нийт 140 алт, 90 мөнгө, 101 хүрэл медаль хүртсэн амжилтаар бусад улсыг хол тасархай тэргүүлж байна.
Энэ жилийн хувьд 149 орны 863 жүдоч дэлхийн аваргад хүч сорихоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. 2011 оны Парис хотноо зохион байгуулагдаж байсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 871 жүдоч оролцож байсан ба түүний дараа орохуйц олон оролцогч оролцож буй ДАШТ болж байна. Эрэгтэйчүүдийн -66кг жинд 94 жүдоч оролцож байгаа ба энэ нь эрэгтэй, эмэгтэй 14 жингээс хамгийн олон жүдоч оролцох жингээр нэрлэгдэж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгос улсын баг тамирчид улс төрийн шалтгаанаар оролцохгүй болсон байна.
Манай улсаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүний талаарх мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу.
Нийт найм хоногийн турш үргэлжлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдана. Өнөөдөр жүдо бөх сонирхогчдодоо зориулан өнгөрсөн жилийн Бакугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг толилуулж байна.