Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж шөвгийн 16-ын тоглолтууд явагдаж байна.
Урьд шөнийн оргил тоглолт болох дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч алдарт Майкл Ван Гервен дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж буй "The Rockstar" хочит Жое Куллен нарын тоглолт байлаа. Тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдаж М.В.Гервен 4:3 харьцаагаар хожил байгуулан шөвгийн 8-д шалгарлаа.
Мөн түүнчлэн "Польш бүргэд" хочит К.Ратажски Германы Г.Клеменсийг 4:3 харьцаагаар буулган авч анх удаа ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа. Тэрээр тоглолтын дараа сэтгүүлчдэд: "Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үдэш байна. Өмнө нь би ийм тоглолт хийж байснаа санахгүй байна. Өнөөдөр би дэндүү азтай байна" хэмээн хэлсэн байна.
Дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй Жеймс Вейд есөн удаа 180 оноо авсан ч энэ хожил байгуулахад нөлөөлж чадсангүй. Тэрээр С.Бантингт 4:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа.
ДАШТ өнөөдөр орой /Улаанбаатарын цагаар/ 20:00 цагаас үргэлжлэн явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.