Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн онд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Гүйцэтгэх зөвлөл түүний хүсэлтийг хүлээн авснаар МҮОХ-ны дараагийн Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн "ширүүссэн".
Д.Загдсүрэн ерөнхийлөгч ажлаа өгснөөр ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн эхэлсэн гэвэл бас биш юм. Ерөөс түүнийг ерөнхийлөгч байхад ч дараагийн ерөнхийлөгч болохын төлөөх өрсөлдөөн ил, далд хэлбэрээр явагдаж байлаа. Өнгөрсөн хугацаанд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг Дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцаж ажиллаж байгаа юм. Түүнийг дараагийн ерөнхийлөгчөөр албан бусаар зарлаад байсан нь энэ юм. Харин өнгөрсөн сард Б.Баттүшиг Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдсон байдаг.
Өчигдөр буюу 2020.08.04-ий өдөр МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа. Хачирхалтай нь МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлээд байсан хүмүүс бүгд нэр дэвшигчдийн дунд байсангүй. Ерөнхийлөгчид ганцхан хүн нэрээ дэвшүүлсэн нь Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга байлаа. Ингэснээр Н.Түвшинбаяр аварга өрсөлдөгчгүйгээр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдохоор боллоо.
Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Сонирхуулахад наймдугаар сарын 14-ний өдөр бол одоогоос 12 жилийн өмнө Н.Түвшинбаяр аварга олимпийн аварга болж байсан өдөр.
МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Найдангийн ТҮВШИНБАЯР
МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Цэвэгмидийн БАТ-ЭНХ
2. Чойжгаваагийн НАРАНБААТАР
3. Жүгдэрийн ОТГОНЦАГААН
4. Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР /БТСХ-ны дарга/
Женко гэж дархан цаазт юм уу лалрыг дахиж л сонгов доо.