Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Канадын үндэсний олимпийн хороо, Канадын паралимпийн үндэсний хороо, тамирчдын зөвлөл, Үндэсний спортын төв байгууллага, Канадын засгийн газраас "Токио-2020" олимпийн наадамд тамирчдаа оролцуулахаас татгалзах шийдвэр гаргалаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс олимпийн их наадмыг нэг жилээр хойшлуулах саналыг Канадын холбогдох байгууллагууд дэмжиж байгаа юм. "Олимпийн наадмыг төлөвлөсөн хугацаанаас хойшлуулах нь хэдий хүндрэлтэй ч энэ нь зөвхөн тамирчдын эрүүл мэндийн асуудал биш бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлаас дээгүүрт тавигдах асуудал гэж байхгүй" хэмээн үзсэн байна.
Хэрэв олон улсын олимпийн хорооноос Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулагдах хугацааг хойшлуулахгүйгээр төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулах аваас Канад улс оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Ташрамд дурдахад Канад улс нь олимпийн их наадмыг эх нутагтаа гурван удаа зохион байгуулж байсан ба түүхэндээ өвөл, зуны олимпийн наадмаас нийт 501 медаль буюу 137 алт, 166 мөнгө, 198 хүрэл медаль хүртээд байгаа юм. Хамгийн сүүлийн "Рио 2016" олимпийн наадамд 314 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож нийт 22 медаль хүртсэн байна. Жишээлбэл: Канад улсын хувьд жүдо бөхийн төрлөөд олимпийн наадмаас алтан медаль хүртэж байгаагүй ба энэ жил -57 кг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй дэлхийн аварга К.Дэгүчид ихээхэн найдлага тавьж байлаа. Тэрээр Япон улсаас иргэншлээ солин Канадын нэрийн өмнөөс барилдах болсон зорилго нь ч тодорхой.