PDC буюу мэргэжлийн дартсын корпорациас зохион байгуулдаг 27 дахь удаагийн Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн он дамжин явагдаж дууслаа.
Финалын тоглолтод энэ цагийн дартсын спортын ноён оргил, дэлхийн гурван удаагийн аварга Майкл Ван Гервен болон дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Шотландын Петр Врайт нар тунан үлдээд байсан юм. Хоёр тамирчны хувьд урьд өмнө нь 78 удаа учраа тааран тоглосноос Майкл Ван Гервен 59 удаад нь хожиж байсан. Тэр ч бүү хэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа учраа таарахад бүгдэд нь Майкл Ван Гервен хожиж байсан нь бооцоо тавигчдын таамаг, магадлал хэт нэг талдаа гарч байлаа.
Гэвч урьд шөнө байдал эсрэгээрээ эргэж Петр Врайт 7:3 харьцаагаар Майкл Ван Гервенийг буулган авсан нь жинхэнэ шуугиан тарихуйц үйл явдал боллоо.
Мэргэжлийн карьерээ эхлүүлээд 25 жилийн дараа дэлхийн аварга хэмээн алдрыг хүртэж буй Петр Врайт энэ жил 50 нас хүрнэ.
Дартсын спорт сонирхогчдыг хоёр хоногийн дараа /2020.01.04/ эхлэх BDO буюу Британийн дартсын холбооноос зохион байгуулдаг 42 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.