Өнгөрөгч амралтын өдрүүдэд БНСУ-ын Чёнжү хотноо зохион байгуулагдсан Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилт дүүрэн оролцож эрэгтэйчүүд маань багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан билээ.
Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг түүвэр хүргэдэг уламжлалынхаа дагуу дэлхийн аваргын эхний өдөр эрэгтэйчүүдийн -68кг жинд Алтан медаль хүртсэн Д.Алтансүхийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Харин манай улсаас тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100кг жинд ОУХМ Д.Пүрэвдорж дэлхийн шилдгүүдийг ээлж дараалан буулган авч алтан медаль хүртсэн юм. Д.Пүрэвдоржийн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
Д.Пүрэвдорж эхний тойрогт Тажикстаны Сафаров Одилионыг цэвэр ялсан. Цаашлаад хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Марк Лавренсийг оноогоор яллаа. Гуравдугаар тойрогт ОХУ-ын бөх Андрей Волковыг оноогоор ялж хэсгийн аваргын төлөө барилдахаар болсон. Улмаар хэсгийн аваргын төлөө дэлхийн дөрвөн удаагийн аварга Беларусь улсын тамирчин Юрий Рыбакыг оноогоор ялснаар шигшээд шалгарлаа. Шигшээ барилдаанд Румын улсын бөх Илие Даниел Натеаг урамтай сайн барилдан оноогоор цэвэр ялснаар дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
Тэрээр самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100кг жинд түрүүлсэн Монголын хоёр дахь тамирчин боллоо.
Өмнө нь дэлхийн гурван удаагийн аварга Б.Батэрдэнэ аварга сүүлийн гурав дахь түрүүгээ 1989 онд авахдаа +100кг-д түрүүлсэн байна.