Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн Азербайжан улсын нийслэл Баку хотноо гурван өдрийн турш зохион байгуулагдаж өнөөдөр сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр манай бөхчүүд дараах барилдаануудыг хийлээ.
- -90кг жинд Д.Сандуйжав хоёрдугаар тойрогт европ тивийн алт, хошой хүрэл медальт Шведийн хашир туршлагатай Н.Маркустай гуравдугаар дэвжээнээ барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
- +100кг жинд барилдаж буй Б.Тэмүүлэн мөн тэмцээнийг зохион байгуулагч Азербайжаны залуу бөх Ю.Имрантай барилдан торгуулиар цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Беларусын В.Александртай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- -90кг жинд Г.Алтанбагана эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Азербайжаны жүдоч Т.Алиумартай барилдан торгуулиар цэвэр ялж хоёрдугаар тойрогт бага нас, өсвөр үе хоёр насны дэлхийн аварга Гүржийн шилдэг залуу бөх Б.Лашад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Л.Отгонбаатар дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
- -100кг жинд дэлхийн аваргын хүрэл, ази тивийн аварга, азийн наадмын хошой хүрэл медальт Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Н.Билаловтой барилдан цэвэр ялсан юм.
- Гуравдугаар тойрогт Австрийн залуу бөх Фара Ааронтой барилдан мөн цэвэр дарлаа.
- D хэсгийн аваргын төлөө Ирландын жүдоч Б.Флетчертэй барилдан мөн ЦЭВЭР ЯЛЛАА
- Хагас шигшээд Нидерландын М.Коррелтэй барилдан харамсалтайгаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө Азербайжаны К.Зелимтэй барилдахаар боллоо. 2019 он гарсаар бараг л тэмцээн алгасалгүй орж байгаа К.Зелим Дюселдорфийн их дуулгаас хүрэл медаль хүртээд байгаа юм.