Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Гурав хоногийн турш маш өрсөлдөөнтэйгөөр үргэлжлэн явагдсан ганцаарчилсан барилдаанууд өнөөдөр өндөрлөж маргааш багийн барилдаан явагдана.
Өнөөдөр ганцаарчилсан барилдааны сүүлийн өдөр уламжлал ёсоор хүнд жингийн буюу эрэгтэй -90кг, -100кг, +100кг жин, эмэгтэй -78кг, +78кг жингийн барилдаанууд явагдлаа. Энэ өдөр таван жинд манай зургаан бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн -100кг жинг тэргүүлэн барилдсан Л.Отгонбаатар урамтай сайхан барилдан алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байгаа юм.
Л.Отгонбаатар өнөөдөр:
- Жингээ тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн.
- Хоёрдугаар тойрогт Кувейтын жүдоч А.Алшаммариг цэвэр ялсан
- Хэсгийн аваргын төлөө Казахстаны А.Серикбаевыг цэвэр ялсан
- Хагас шигшээд Т.Такаяваг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.
Алтан медалийн төлөө БНСУ-ын Ж.Вонтой барилдах ба солонгос жүдочийн хувьд 2017 оны багийн дэлхийн аваргад оролцсоноос хойш олон улсын тэмцээнд барилдаагүй жүдоч юм.