Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнд Казакстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэг урамтай сайхан барилдаж эмэгтэйчүүдийн -48кг жинд мөнгөн медаль хүртлээ. Г.Отгонцэцэг нь 4345 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж байна. Харин уг жинд дэлхийн чансааг 6218 оноотойгоор МУГТ М.Уранцэцэг итгэл төгс тэргүүлж байна.
Та бүхэнд өнөөдөр Г.Отгонцэцэгийн Анталиягийн гран при тэмцээнд барилдсан бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Польшийн Кониецни Эватай барилдан цэвэр ялсан.
Хэсгийн аваргын төлөө Испанийн Мирела Лапуэртатай барилдан мөн цэвэр ялж С хэсгийн аварга боллоо.
Хагас шигшээд Сербийн Милика Николистэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Алтан медалийн төлөө Косовогийн Дистриа Красникитэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртлээ.